С.Баярцогтын үнэн түүх #3: УДШ-ийн шийдвэрээр яллагдсан ч Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч нараар “цагаадсан” түүх
Ирэх даваа гарагт Ардчилсан намын ҮБХ хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд сойх кандидатуудаа тодруулна. Энэ марафонд эртнээс бөгөөд ил тод бэлтгэж буй нь Сангийн сайд асан С.Баярцогт.
Өөрийгөө УДШ-ийн шийдвэрээр цагаадсан гэж тайлбарладаг, олон нийтийн зарим хэсэг ч хэлмэгдсэн, шударга улстөрч гэж үнэлдэг С.Баярцогтын талаарх гурав дахь нийтлэлээ үүгээр хүргэж байна.
Өмнөх дугааруудад:
- Түүний Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр Засгийн газрыг төлөөлж ажиллахдаа, “Айвэнхоу Майнз” компанийн хувьцаанаас 1.8 тэрбум төгрөгийн ашиг хийсэн
- Эхнэр Ч.Нарантуяагийн хамаарал бүхий “Кью Эф Эс” ХХК-иар дамжуулж, “Оюу толгой” ХХК-д ажил үйлчилгээ үзүүлэн 63.9 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулсан. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчил үүсгэж, нийт 66.7 тэрбумын ашиг, орлого олсон
- Эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй, шүүхээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн 3.35 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий гурван үл хөдлөх хөрөнгөтэй зэрэг мэдээллийг танилцуулсан.
Дээрх бүхэн нь С.Баярцогтод гурван шатны шүүхээр ял оноосон цөм үндэслэлүүд юм.
Харин энэ удаад түүний хэрэг хэрхэн хэрэгсэхгүй болсон түүхийг сөхье.
Дахин сануулахад, С.Баярцогтыг УДШ цагаатгасан гэж ойлгодог ч тийм биш юм. УДШ-ийн шийдвэр эцсийнх байх зарчим түүн дээр алдагдсан. УДШ-ээр шийдсэн хэргийг прокурорт буцааж, улмаар прокурор хэрэгсэхгүй болгосон нь өнөө хэр анхаарал татдаг.
Юун түрүүнд, гурван шатны шүүх түүнийг хэрхэн яллаж байв?
2020.07.17: 10 жилийн хорих ял. Чингэлтэй дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх.
2020.12.03: 4 жил 8 сар хорих ял. Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасах. Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх.
2021.05.19: 4 жил 8 сар хорих ял. Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасах. 1.3 сая ам.долларыг төлүүлэх. Төлөхгүй бол битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулж, улсын төсөвт төвлөрүүлэн, илүү хэсгийг буцаан олгох.
Үүнээс харахад УДШ үндсэндээ С.Баярцогтын нийтийн албанд томилогдох эрхийг хассан хугацааг л багасгаснаас өөрөөр ялыг хөнгөрүүлээгүй юм.
Гэвч, УДШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нар гомдол гаргаснаар, хэргийг прокурорт буцаах эсэх асуудлаар УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчдийн хуралдаан товлогдсон байдаг.
Энэ хуралдааныг УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг даргалж,
- Д.Эрдэнэбалсүрэн
- Б.Амарбаясгалан
- Ч.Хосбаяр
- Б.Батцэрэн
- Б.Цогт
- С.Батдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй явуулсан.
Хуралдааны үеэр УДШ-ийн шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нар “С.Баярцогтыг ялласан УДШ-ийн шийдвэр үндэслэлтэй. Хэргийг прокурорт буцаах нь хууль зөрчинө” гэж дуугарсан байдаг.
Гэвч шийдвэр хууль зөрчиж гарсан. Хэрэг прокурорт буцсан. Харин прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Үүнд, УДШ-ийн тогтоол эцсийнх бөгөөлд үүнд гомдол гаргах эрхгүй гэсэн хууль зөрчигдөж байгаа юм. УДШ тогтоол гаргахаас өмнө УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид хуралдаж болно. Процессын дараалал тийм.
Гэвч УДШ 238 тоот тогтоол гаргасан байхад, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нарын гомдлоор С.Баярцогтын хэрэг ийн прокурорт буцжээ.
Харин УДШ-ийн шүүгчийг Ерөнхийлөгч томилдог. Энэ утгаар Дээд шүүхийн хараат бус байдал сөхөгдсөөр ирсэн.
Энэ өнцгөөс харвал, С.Баярцогтын хэргийг прокурорт буцаах эсэх асуудлаар хуралдсан шүүгчдийг томилогдсон байдлаар нь ангилбал:
- Ерөнхий шүүгч, хуралдаан даргалагч Д.Ганзориг – Х.Баттулга
- Д.Эрдэнэбалсүрэн – Ц.Элбэгдорж
- Б.Амарбаясгалан – Х.Баттулга
- Ч.Хосбаяр – Ц.Элбэгдорж
- Б.Батцэрэн – Ц.Элбэгдорж
- Б.Цогт – Ц.Элбэгдорж
- С.Батдэлгэр – Н.Энхбаяр тус тус томилжээ.
Ер нь Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаандаа:
- Ц.Элбэгдорж хамгийн их буюу 15 шүүгчийг
- Х.Баттулга дөрвөн шүүгчийг
- Н.Энхбаяр нэг шүүгчийг
- У.Хүрэлсүх гурван шүүгчийг томилсон байдаг.
Ингээд харвал, С.Баярцогтын асуудлаар хууль зөрчиж, шийдвэр гаргасан долоон шүүгчийн ДӨРВИЙГ Ц.Элбэгдорж томилжээ. Анх гомдол гаргасан Д.Эрдэнэбалсүрэнгийн хувьд Ц.Элбэгдоржийн ашиг сонирхол үйлчилсэн гэх хэд хэдэн хэрэгт нэр холбогддог бөгөөд, “шан”-д нь түүнийг Гаагийн шүүх рүү явуулсан гэгддэг юм.
Улмаар УДШ эцсийн шийдвэрийг гаргачхаад байхад дахин прокурорт буцсан С.Баярцогтын хэрэг хэрэгсэхгүй болжээ. Энэ шийдвэр 2021 оны долдугаар сард гарсан.
Харин прокурор хэрэгсэхгүй болгосон талаар жилийн дараа, 2022 оны долдугаар сард мэдээлсэн юм.
Энэ огноонд:
- Улсын Ерөнхий прокуророор Д.Жаргалсайхан
- Нийслэлийн Прокурорын газрын даргаар Ц.Ариунболд ажиллаж байсан юм.
Сэтгүүлчийн тэмдэглэл:
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний алдааг өнөөгийн Засгийн газар засахаар чармайж байна. Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, эхнээсээ хэд хэдэн чиглэлд амжилт гаргасан.
Тухайлбал, “Оюу толгой” ХХК-иас Засгийн газрын эзэмшдэг 34 хувь ноогдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэв. Тэгэхгүй бол ноогдол ашгаараа уг зээлийг төлөх, улмаар төлж байтал Оюу толгойн төсөл дуусах, улмаар хэзээ ч ноогдол ашиг авахгүй байх нөхцөл үүсээд байсан. Тэр бүү хэл, 2050 онд Монгол Улс дахиад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцооллыг “Рио Тинто” тал хийгээд байсан юм.
Харин одоо татварын асуудлаар Засгийн газар арбитрт шүүхдэж байна. Засгийн газар гурван удаагийн татварын акт тавьсан ч хүлээн зөвшөөрдөггүй. Зөвшөөрдөггүй шалтгаан ерөөс 2009 оны ХоГ-тэй холбоотой.
Энэ гэрээг өдгөө шинэчилж, засах шаардлагатай талаар Засгийн газар удаа дараа мэдэгдсээр буй.
Угтаа ХоГ-ний төслийн анхны эхийг хөрөнгө оруулагч тал өөрөө боловсруулсан байдаг. Тэр төсөлд нь С.Баярцогт ажилласан.
Энэ мэтээр дурдвал С.Баярцогт Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үес Сангийн сайдаар ажиллаж таарсан л болохоор гавьяаг нь хүртдэгээс, цаг хугацааны шалгуурт дээрх байдлаар дурсагдана.
Хэнийг нэр дэвшүүлэх, дэвшдэг юм гэхэд сонгох эсэхийг хэрсүү сонгогчид бодох учиртай.
Эх сурвалж: Eguur.mn