Дэлхийн банк Монгол улсын засгийн газраас 1,7 сая долларыг нэхэмжилсэнийг буруутай этгээдээр төлүүлжээ
Дэлхийн банк 2022 онд Монгол Улсын Засгийн газраас төслийн хүрээнд үр ашиггүй зарцуулсан 1,7 сая ам долларыг нэхэмжилсэн тогтоолыг ирүүлсэнд Засгийн газрыг багагүй сандаргажээ. Болсон явдлыг хуулийн хүрээнд тодруулахаар Ерөнхий сайдаас ХЗДХ сайд Нямбаатарт үүрэг болгож, АТГ-т холбогдох мэдээллийг хүргүүлж шалгуулах хүсэлт гаргаж байжээ. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай 2015 онд Монгол Улсын Эрүүл мэндийн байгууллагуудад “Цахим Эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор хэлэлцээр байгуулж, тус төслийн хүрээнд хийгдэх HIEP буюу Эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, хэрэгжүүлэх туршин нэвтрүүлэх Олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтын жишгээр урьдчилсан сонгон шалгаруулалт, үүнээс тэнцсэнийг тендер сонгон шалгаруулалт оролцуулж шалгаруулах гэсэн хоёр үе шаттай явуулсан байв.
Төслийн санхүүжилтээс Таёкун компанийн БНСУ-ын KEB HANA банкны дансанд мөнгө шилжсэний дараа 200 орчим мянган ам долларыг өөртөө шингээж үлдсэн бүх мөнгийг Монгол улс руу буюу өөрийн туслан гүйцэтгэгч Акс ХХК компани руу шилжүүлсэн.
АТГ-аас дээрх нөхцөл байдлуудыг шуурхай тогтоож Дэлхийн банкны Мөрдөн шалгах хороотой хамтран ажилласны үр дүнд Дэлхийн банкнаас Таёкун компанийг Fraud буюу залилах Corruption буюу авлигын хэрэг үйлдсэн гэж дүгнэн хохирлыг 100 хувь БНСУ-ын компаниас гаргуулан авахаар тогтож 5Ш буюу шилжүүлэн авах ажиллагаагаар Монгол Улсад эргүүлэн төлүүлэх болжээ.
Ингээд МУ-ын Засгийн газар тухайн өрийг нөөц сангаас гаргаж өгөх эрсдэлээс гарч чадсан. Засгийн газрын хэрэгжүүлж буй 5Ш ажиллагаа үр дүнгээ бодитоор өгч Монгол улс дараагийн хулгайлагдсан хөрөнгөө Дэлхийн Банктай Settlement буюу тохиролцоо хийж амжилттай эргүүлэн авахаар болсон нь авлигатай тэмцэх үйл явц зогсолтгүй үргэлжилж байна.
Ташрамд дурдахад 2015 онд буюу Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн кабинет ажиллаж байх үед Азийн хөгжлийн банкнаас мөн эрүүл мэндийн салбартай холбоотой төсөл хэрэгжүүлэхэд мөн л Fraud буюу залилан болсон гэж үзэн 4,7 сая ам долларыг нэхэмжилж түүнийг Засгийн газрын нөөц сангаас олгож байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Харин нөгөө талд Эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ чанарын шаардлага хангахгүй болж үлдэж байна. Энэ платформ ашиглалтад орсон бол эмч таны өмнөх эрүүл мэндийн мэдээллийг цаг алдалгүй харж иргэд нийслэл, орон нутаг хаана ч цаг алдалгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдэх байлаа. Гэхдээ буруутай этгээдүүдийн хураан авсан мөнгөөр дахин ажлыг гүйцэтгэх боломж одоо л бүрдэж байж мэдэх юм.