Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад буй Р.Базараагийн “Алтайнхүдэр” ХХК татварын хэргээр Улсын дээд шүүхэд ханджээ
“Алтайнхүдэр” ХХК-ийн захирал Р.Базарааг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, цагдан хорьсон байдаг. Харин түүнийг энэ сарын 15-ны өдөр /2024.05.15/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар суллаж, өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Тэгвэл эрүүгийн хэд, хэдэн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа Р.Базараагийн “Алтайнхүдэр” ХХК нь Татварын ерөнхий газрын улсын байцаагчийн тус компанид ногдуулсан 87 тэрбум төгрөгийн төлбөрийн актыг хүчингүй болгуулахаар Улсын дээд шүүхэд ханджээ.
Тодруулбал, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 дугаартай актаар “Алтайнхүдэр” ХХК-д 53.1 тэрбум төгрөгийн нөхөн татвар, 15.9 тэрбум төгрөгийн торгууль, 17.99 тэрбум төгрөгийн алданги, нийт 87 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
Харин үүнийг “Алтайнхүдэр” ХХК нь эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хандаж, улмаар тус шүүх 2023 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр уг хэргийг хэлэлцээд “Алтайн хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын TAIS нэгдсэн системийг нэвтрүүлэхдээ нэхэмжлэгч “Алтайнхүдэр” ХХК-ийн төлбөл зохих 58,700,440,154.76 төгрөгийн татварын өр дээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 22,382,701,431.10 төгрөгийг нэмэгдүүлж бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, тус компанийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 22,382,701,431.10 төгрөгөөр бууруулж TAIS нэгдсэн системд бүртгэхийг Татварын ерөнхий газарт даалгасан байна. Гэсэн ч тухайн компани уг шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн аж. Улмаар “Алтайнхүдэр” ХХК нь Улсын Дээд шүүхэд хандсан байна.
Бид Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.