Н.Ганибал: Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар хоёрын маргааны буянаар дахин нэг хулгай ил боллоо
“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.Өнөөдрийн хуралдаанаар Худалдан авсан автобуснууд техникийн хяналтад заасан шаардлагыг хангасан, эсэх талаар шинжээч дүгнэлтээ танилцуулсан бөгөөд энэ үеэр хуучин автобуснуудыг шинэ гэж оруулж ирж 5.6 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгдсөн талаар ярилаа. Мөн Түгжрэлийн сайд, нийслэлийн Засаг дарга нарын өгсөн чиглэлийн дагуу хуучин автобуснуудыг ажлын хэсэг хүлээн авсан гэж хэлсэн юм.УИХ-ын гишүүн Н.Ганибал: Тендер зарлахаас эхлээд гэрээ хийх, худалдан авах, хүлээж авсан байдлыг харахад төрийн хулгай байна. Хамгийн том хулгайг нийслэлийн засаг захиргаа хамтаараа хийчихсэн байна. Бидний буруу явж байгаагийн илрэл энэ. Хэтэрхий нэг нам олонх болж, өөрсдөдөө тааруулж хуулиа өөрчилж хулгай хийдэг болсон. Хамгийн анх Ковидын хууль гэж батлаад тэндээсээ их зориг аваад цаашаа Нууцын тухай хуульд бүх асуудлыг оруулдаг. Худалдан авахын нээлттэй байдал гээд бүгдийг байхгүй болгосон.Социализмын нэг хэлбэр. Дарга ангийн хулгай гэж үүнийг л хэлж байгаа юм. Ардчилал байхгүй болбол хамгийн их олз олдог, хулгай хийдэг хүмүүс дарга нар юм аа гэдгийг бид энэ жишээнээс харж байна. Хэрвээ дарга нар хоорондоо муудалцаагүй бол энэ хулгай илрэхгүй байсан шүү. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, НЗД асан Д.Сумъяабазар хоёрын маргалдааны үр дагавар Монголын ард түмэнд нэгэн хулгайг илчилж өгсөн талархууштай үйл явдал болж байна. Энэ асуудлаар түр хороо байгуулах гэж хоёр сар чуулганы танхимын гадаа гарын үсэг зуруулсан. Харин МАН-ын есөн гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Дарга нар үүрэг даалгавар өгөөд хуучин автобус хүлээж авсан гэдэг нь ил болж байна.