АН-ын гишүүд нэр дэвших эрхээсээ татгалзсан ч намынх нь зүгээс тэдний тавьж буй шалтгааныг үндэслэлгүй гэв
Ардчилсан Намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх 126 гишүүнээ албан ёсоор зарласан. Гэвч зарим нэр дэвшигч сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдэж эхлэв. Одоогийн байдлаар албан ёсоор намын удирдлагадаа нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн 5-6 хүн байгаа. Гэхдээ тэдний мэдэгдэж буй шалтгаан нь нэр дэвших эрхээсээ татгалзах үндэслэл болохгүй гэдгийг намын зүгээс мэдээлэв.
Тэгвэл нэрээ татаж буйгаа сошиалаар мэдэгдсэн дараах хүмүүсийг танилцуулж байна.
Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир жагсаалтын 27-д бичигджээ. Тэрбээр энэ тухайгаа “Энэ удаагийн сонгууль миний хувьд өндөрлөлөө. Тойрогт нэр дэвшиж байгаа бүх найзууддаа амжилт хүсье. Хичээгээрэй залуучууд аа, найз нь чадлаараа тусална, дэмжиж ажиллана. Миний хувьд тойрогт нэр дэвших хүсэлтээ өгсөн. Улс төрийн зөвлөл, ҮБХ маань дэмжсэн. Гэвч тойргоо авч чадсангүй өгсөнгүй” гэжээ.
АН-ын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд жагсаалтын 23-т эрэмбэлэгдсэн аж. Тэрбээр энэ эрэмбийг өөртэй нь зөвшилцөлгүйгээр гаргасан гэж мэдэгдэлдээ дурдсан байв.
АН-ын дэд дарга Ц.Жадамбаа УИХ-ын сонгуулийн 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвших эрхийг намаасаа авсан. Гэсэн ч мөн л сонгуулиа өндөрлүүлж буйгаа мэдэгдэв.
Тэрбээр “Миний бие Ардчилсан намын дэд дарга Цагаан-Өвгөний Жадамбаа нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр өгсөн өргөдлөө татан авч буйгаа мэдэгдэж байна. Та бүхэн ардчилал, эрх чөлөө, парламентат ёсны төлөө ардчиллын үнэт зүйлсийг дэмжиж саналаа өгөөрэй” гэсэн байна.
АН-ын ҮБХ-ны гишүүн Л.Отгонцэцэг жагсаалтын 38 дугаарт бичигдсэн байна. Түүний жагсаалт дахь байрыг ухраасан тул ийнхүү нэр дэвших эрхээсээ татгалзаж байгаагаа мэдэгджээ.
АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж жагсаалтын 33 дугаарт эрэмбэлэгдсэн. Тэрбээр “Ардчилсан Намаас жагсаалтаар нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцээгүй. Энэ нь сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс нэр дэвшигчдийн гэх жагсаалтад бичигдэх нь хууль бус үйл ажиллагааны оролцогч, хамжигч болох тул СЕХ-нд хандан нэрээ татуулах хүсэлтээ илгээнэ” гэсэн байна.
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн хувьд нэр дэвшигчдийг зарлах үеэр ҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэн, намаасаа гарч буйгаа хэвлэлээр мэдэгдсэн. Гэсэн ч АН-ын албан ёсоор зарласан нэр дэвшигчдийн дунд түүний нэр байгаа юм.