“Солио” хийх эрх СЕХ-нд бий…

0

Улс төрийн намууд УИХ-д нэр дэвших 126 -гаа хэлтэй амтай, хэрүүлтэй уруултайхан шиг тодрууллаа. Жагсаалтынхаа 48, тойргийн 78 нэр дэвшигчийн нэр усыг ч зарлалаа. Одоо тэр хүмүүс нь олон нийтийн “шүүлт”-д ороод явж байна. Гэхдээ тэд өнөөдөр горилогч хэвээрээ л байна. Учир нь МАН-ын, АН-ын 126 нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг СЕХ шийднэ.

Хуульд заасан хуанлигаар улс төрийн намууд зөвхөн 2024 оны тавдугаар сарын 20-нд багтаж нэр дэвшигчдийнхээ нэрийг СЕХ-нд хүргүүлээд болчихгүй аж. Энэ бол улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулах л цаг хугацаа юм.

Дээрээс нь нэр дэвшигчдийнхээ жагсаалттай хамт нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл, ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар, банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдёон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр, төлбөргүй байх гэсэн шаардлагыг хангасан эсэх талаарх Дээд шүүхийн лавлагааг хавсаргана.

Хуульд зааснаар СЕХ нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээж авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Энэ хугацаа нь 2024 оны зургадугаар сарын 1-ний өдрөөр дуусна. Хэрэв СЕХ нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гаргасан бол үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө, зургадугаар сарын 10-нд бүх нэр дэвшигчид нэгэн зэрэг олгоно.

Гэхдээ энэ өдөр намуудын нэр дэвшүүлсэн бүхэн нэр дэвшигчийн үнэмлэх авахгүй байж мэднэ. Учир нь СЕХ тухайн нэр дэвшигчийг бүртгэхгүй байх хуулийн шаардлагууд бий.

Тэр нь “…Хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй”, “…Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг биелүүлээгүй”, “…Нэр дэвшигчээр бүртгүүлэхэд шаардагдах хуульд заасан баримт бичиг дутуу”, “…Хуульд заасны дагуу бүрдүүлсэн нэр дэвшүүлэгчийн баримт бичиг хуурамч болохыг шүүх тогтоосон”, “…Нэгээс илүү тойрогт нэр дэвшсэн”, “…Сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон  үйл ажиллагаа явуулсан болох нь хуульд заасны дагуу тогтоогдсон”, “…Ээлжит сонгууль эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” зэрэг нь албан ёстой нэр дэвшигч болоход харшилна. СЕХ дээрх үндэслэлүүдээр нэр дэвшигчээр бүртгэхгүй байх эрхтэй.

Гэхдээ санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө, 2024 оны зургадугаар сарын 3-ны дотор зөрчлөө арилгаж, нам нь дахин бүртгүүлэхээр СЕХ-нд хандаж болно. Түүнчлэн нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа татгалзах үндэслэл тогтоогдвол СЕХ шийдвэрээ хүчингүй болгох боломжтой юм байна.

Дэлгэрүүлбэл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 33.1-д “…Нэр дэвшигчээр дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана” гээд 33.1.1-д “…Энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй”, 33.1.2-т “…Энэ хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй”, 33.1.3-т “…Өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн”, 33.1.4-т “…Нэр дэвшигчээр бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу”, 33.1.5-д “…Энэ хуулийн 32.2, 32.3-д заасны дагуу бүрдүүлсэн нэр дэвшүүлэгчийн баримт бичиг хуурамч болохыг нь шүүх тогтоосон”, 33.1.6-д “…Энэ хуулийн 29.6-д заасныг зөрчиж нэр дэвшсэн”, 33.1.7-д “…Энэ хуулийн 48.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь хуульд заасны дагуу тогтоогдсон”, 33.1.8-д “…Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” хэмээн заажээ.

Ер нь бол УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар ирэх сарын 1-нийг хүртэл намуудын илгээсэн нэрсээс хэд нь “жинхэлж” хэд нь унах нь тодорхойгүй байхаар байна. Харин 1-нд тогтоол гарч, “асуудал”-тай нэр дэвшигчид гарвал улс төрийн намууд 72 хугацаанд зөрчлөө арилгах үүрэг хүлээх аж.

Улс төрийн намууд зөрчлийн хэмжээ дамжаанаас хамаараад бичиг баримт, эсвэл нэр дэвшигчээ солино. Тэгэхээр улс төрийн намуудын нэр дэвшигчдэд “солио” хийх эрх нь СЕХ-нд байгаа гэсэн үг.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 103 (7347)

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *