Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн эрсдэлийн үнэлгээг хийнэ
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээлэл өгөв.
НОБГ-ын дарга А.Дашням:
-Өнөөдөр, маргааш бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. ЦУОШГ-аас найман цаг тутамд цаг агаарын мэдээллийг шинэчилдэг.
Нийслэлд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдэд мэдээлэл хүргэх, эрсдэлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүргийг НЗДТГ-аас өгсөн.
Маргааш буюу тавдугаар сарын 25-наас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн эрсдэлийн үнэлгээг хийнэ. Эрсдэл бүхий айлуудыг аюулгүй байдлаа хангах, үерийн бүсийн айлуудыг суурьшлын дөрвөн бүсэд олгосон газарт нүүх шаардлагыг өгнө. Дарь-Эхээс эхэлж, амралтын өдрүүдэд уг ажлыг зохион байгуулна. Газраа орон сууцаар солих ажлыг ч зохион байгуулна.
Зөвхөн Баянзүрх дүүрэг бус бусад үерийн эрсдэл бүхий газруудад амралтын өдрөөр ажиллана. Өнгөрсөн жил үер болсон газруудад далан суваг барих ажлуудыг шат дараатайгаар хийнэ.
Түүнчлэн холбогдох байгууллагууд үер усны үед хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг боловсруулсан байна. Нийслэлийн хэмжээнд үер усны үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын хүч эрсдэлийг/Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал/ судлахад 68.5%-тай гарчээ. Хүн хүчийг бэлтгэж, сургах шаардлага тулгарч байгаа гэв.