Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 65 хувь нь боловсролд хамрагддаг

0

Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо өнөөдөр /2024.05.29/ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анхдугаар форумыг зохион байгууллаа.


Монголын Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо нь 2023-2024 оны хичээлийн жилд Боловсролын ерөнхий газар, Дүфрэснэ Готьерын Сангийн дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг дөрвөн сургууль дээр “Эрхээ мэдье, Эрхээ хэрэгжүүлье” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өөрийн удирдлагын байгууллагыг байгуулан чадавхжуулан ажиллаж байгаагаараа онцлогтой. 

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 11,835 хүүхэд байна.

Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй сурагчид үе тэнгийнхний “Дэмжих бүлэг”-ийг байгуулан хамтдаа хөгжих, харилцан суралцах, хүний эрхийн мэдлэгтэй болох, өөрийгөө илэрхийлэх, тулгамдсан асуудлаа тодорхойлох зэрэг ур чадварт суралцаж байна. Түүнчлэн сурагчид хүсэл зорилго, үзэл бодлоо илэрхийлж, хэрэгцээгээ тодорхойлон, оролцох, хөгжих эрхээ танин мэдэх давуу талтай.    

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 8,228 нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.

Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн түвшинд 9,500 хүүхдийн бүртгэл байгаагаас 5,653 нь сургуульд сурч байна. Харин их дээд сургуулийн боловсролын үйлчилгээнд 414 суралцагч хамрагдаж байна гэв. 

Монголд хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй, эсэхийг тодорхойлж, хөгжлийн дэмжлэгт хамруулахад баримтлах мэргэжлийн удирдамж аргачлал бий болгох ажлын хүрээнд 2018 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх зааврыг баталжээ. Үүнд:

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 37 дугаар зүйлийн 37.6, Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг тус тус үндэслэн

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролд тэгш хамруулах, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, мэргэжил арга зүй, хүний нөөц, тохируулгат орчныг бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулж ажиллахыг Аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн боловсролын газрын дарга, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төвийн удирдлагад
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйгээр ханган, хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисст даалгасан байдаг.

Харамсалтай нь Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн олонх нь үл хайхрах хүчирхийлэлд өртөж, сурах эрхээ хязгаарлуулж байна. Монгол Улсад 18 хүртэлх насны 11 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа ч тэдний ердөө 65 хувь нь албан болон албан бус боловсролд хамрагддаг гэсэн статистик байна

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *