Малын яс, өөх тос, уургийн экспортыг нэмэгдүүлнэ
Малын яс, өөх, тос, уураг зэрэг бүтээгдэхүүнийг экстортлох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгджээ. Тодруулбал, 2024 оны зургадугаар сарын 12-19 өдрүүдэд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-аас Монгол Улсад мэргэжилтнүүд ирж шинээр экспорт хийх хүсэлт гаргажээ. Хүсэлт гаргасан зургаан аж ахуйн нэгж, экспортлох үйл ажиллагаа явуулдаг дөрвөн аж ахуй нэгжид эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас БНХАУ-д үйлдвэрлэлийн зориулалтаар малын яс, өөх тос, уураг зэрэг бүтээгдэхүүнийг экспортолдог дөрвөн аж ахуйн нэгж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны аравдугаар сард БНХАУ-д айлчлахтай холбогдуулан Гаалийн ерөнхий газар, Хятад улсын Гаалийн ерөнхий газар хооронд “Монгол Улсаас БНХАУ-д үйлдвэрийн зориулалтаар ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага” протоколыг байгуулсан.
Малын био хаягдлыг бордоо, малын тэжээл зэрэг янз бүрийн зориулалтаар ашиглах боломж байдаг. Тухайлбал,
- Малын тэжээл, тэжээвэр амьтдын хоол, үйлдвэрийн бүтээгдэхүүн зэрэг төрөл бүрийн хэрэглээнд хэрэглэх, өөх тос, уураг, эрдэс бодисыг гаргаж авах
- Малын сэг, зэмийг бусад органик материалтай хольж шим тэжээлээр баялаг бордоо хийх
- Амьтны сэг зэмийг агааргүй задралын системд ашиглан био хий гаргаж, эрчим хүч үйлдвэрлэх зэргээр ашиглаж болдог.