СУРВАЛЖЛАГА: Ууттай бэлэг “мода”-наас гарчээ

0

Энэ жил ээж ааваасаа ямар бэлэг авах вэ, эцэг, эхчүүд нь хүүхдүүддээ ямар бэлэг өгөх вэ гэх эрэл хайгуул энэ өдрүүдэд чухал бөгөөд эрэлттэй байдаг билээ. Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг зургадугаар сарын 1-нд хаяанд ирсэн энэ өдрүүдэд хүүхдийн баяраар эцэг эхчүүд ямар бэлэг сонгож байгаа, худалдаа эрхлэгчид ямар бэлгийн сонголтыг хүүхдүүдэд өгч байгаа талаар сурвалжиллаа.

Нэг үеэ бодвол эцэг, эхчүүд уламжлал болсон ууттай бэлгээс татгалзаж, хүүхдийнхээ эрүүл мэнд, хүсэл сонирхлыг чухалчилдаг болсон.

Хүнсний дэлгүүрт ууттай бэлэг 7800-25000 төгрөгийн үнэтэй байна. Ууттай бэлгэд ихэвчлэн чипс, лаазтай болон хуванцар савтай ундаа, резинэн чихэр, жигнэмэг, чихэр тэргүүтэй зүйлс багтана. Өнөөдөр хүүхдийн баярын өдөр биш болоод ч тэр үү, худалдан авагч төдийлөн их байсангүй. Тиймээс ч ууттай хүүхдийн бэлэг өрж тавьсан лангуунууд дүүрэн харагдаж байв.

Харин сүлжээ дэлгүүрүүдэд ууттай бэлэг 17000-46000 төгрөгийн үнэтэй байна.

“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал” үндэсний V судалгааны тайланд сургуулийн бага ангийн дөрвөн сурагч бүрийн нэг нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай, тав хүртэлх насны найман хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байгаа тухай дурджээ. Энэ нь хүүхдийн биеийн жинг нэмэгдүүлэх нөлөөтэй эрсдэлт зан үйл хүн амын дунд бага наснаас эхлэн түгээмэл буйг гэрчлэх бөгөөд хот суурин газрын таргалалттай хүүхдийн тоо хөдөө орон нутгийнхаас зургаа орчим хувиар илүү байгаа юм.

Түүнчлэн 06-11 насны хүүхдүүдийн дунд хийжүүлсэн ундаа болон чихэрлэг цайны хэрэглээ харьцангуй түгээмэл, нийт хүүхдийн 81 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа эрүүл бус ундааг хэрэглэдэг бөгөөд бялуу, жигнэмэг, нарийн боов зэрэг амтлаг хүнс, чипс, шаржигнуур гэх мэт шарж бэлдсэн зуушийг сургуулийн орчинд маш их хэрэглэдэг байна. Хүүхдүүдийн 99 хувь нь эдгээр бүтээгдэхүүнийг долоо хоногт багадаа л нэг удаа иддэг гэсэн судалгааны дүгнэлт бий. Тиймээс ч эцэг, эхчүүд хүүхдэдээ ууттай бэлэг худалдан авахаас илүү хэрэгтэй, сонирхдог эд зүйлсийг бэлэглэх болжээ. Хүүхдэдээ чихэр, жимс, ундаа гэхээс илүү хүүхдээ өөрөөр яаж баярлуулж болох талаар ч эрэлхийлдэг болсон нь сайшаалтай гэж хүн бүр ярьж байна.

Ууттай “хор” гэгдэх хүүхдийн бэлгээс өөр сонгож болох эрүүл сонголт олон байгаа талаар эцэг эхчүүд хэлж байна. Тэдний нэгэн төлөөлөл хоёр хүүхдийн ээж У.Булган ярихдаа “Хүүхдүүдийнхээ амыг таглаж, ямар ч хамаагүй бэлэг авч өгөхөөс аль болох татгалздаг. Таван настай охин маань чихмэл тоглоомд  дуртай. Долоо хүртэлх насны хүүхдийн хувьд тоглох нь үндсэн процесс байдаг. Тиймээс энэ насны хүүхдэд тоглоом бэлэглэх нь хамгийн тохиромжтой гэж боддог.

Хүүхэд тоглоомоор дамжуулж олон зүйлийг танин мэдэж байдаг. Харин найман настай охин маань ном унших сонирхолтой. Тиймээс сонирхолд нь таарсан бэлэг өгөхийг хичээдэг. Найз нөхөддөө ч уриалдаг.

Ууттай бэлэг хортой гэж ярьдаг мөртлөө худалдан аваад хүүхдүүдэд өгсөөр байдаг томчууд хариуцлагагүй санагддаг. Ядаж хүүхдийн баярын өдрөөр битгий хор бэлгэлээч” гэж уриалмаар байгаагаа хэлсэн юм.

НОМТОЙ БЭЛГИЙН БАГЦ 5900 ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

Эцэг, эхчүүдийн хамгийн их сонгодог бэлэн номтой багцууд болжээ. Номын дэлгүүрийн үүдээр ормогц хайрцаг дотор олноор нь овоолсон хүүхдийн баярын бэлгийг худалдан авч буй эмэгтэйтэй таарав. Тэрбээр өөрийн болон, хамаатан садан, найз нөхдийнхөө хүүхдүүдэд зориулан бэлэг бэлдэж буй нь энэ аж. Түүний хэлж буйгаар, “Ууттай бэлгийг огт сонгодоггүй. Үнэ хямд, худалдан авах боломж өргөн гэх ч, хүүхдүүдээ бодоод хайвал илүү эрүүл, хүүхдэд хэрэгтэй бэлгийн сонголт маш их байдаг. Ялангуяа хүмүүс олноор нь худалдан авч байгаа үедээ ундаа, чихэр, чипс гэх мэтийг агуулсан бэлгийг түлхүү сонгодог нь анзаарагдсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүүхдийн баярын бэлгийн сонголт харьцангуй өөрчлөгдсөн гэж боддог. Жишээ нь манай байгууллагаас өмнө нь дандаа компот, янз бүрийн чихэртэй бэлэг хүүхдүүдэд маань ирдэг байсан бол одоо илүү эрүүл бүтээгдэхүүн агуулсан бэлэг өгдөг болсон” гэв. Түүний хувьд өөрөө ном уншихын ач тусыг чухалчилдаг учраас хүүхдийн баярын бэлэг сонгохдоо ийнхүү номын дэлгүүрт иржээ.

Бидний зорьж очсон “Альфа” номын дэлгүүрт хүүхдийн баярт зориулсан номтой бэлгийн багцууд худалдаанд гарсан байв. Үнийн хувьд хямд гэж хэлж болохоор тус бэлгийн багцад хүүхдүүдийн насны онцлогт тохирсон үлгэрийн болоод бусад номыг нэг болон хоёр ширхгээр оруулжээ.

Үнийн хувьд 5900-29900 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Тус бэлгийн багцыг зорьж ирэн худалдан авах хүмүүсийн тоо их байгаа талаар номын дэлгүүрийн худалдагч бүсгүй хэлж байлаа.

Уламжлал болгон зохион байгуулдаг хүүхдийн баярын арга хэмжээ цөөнгүй бий. Хүүхдийн баярын өглөө эцэг эхээ дагаад өдөржин төв талбайд өнждөг, паркад дугаарладаг үе бага багаар халагдаж байна. Учир нь ихэнх гэр бүлүүд, хүүхдийнхээ үзэж харж буй зүйлд анхаарч, сонирхол дуртай зүйлээр нь дамжуулан танин мэдүүлэх, хамгийн гол нь үнэ цэнтэй дурсамж бүтээхийг зорьдог болжээ.

Үүнийг дагаад хүүхдийн баярын өдрөөр тоглогдох хүүхдийн жүжиг, урлагийн тоглолтууд жил ирэх бүр тоогоо нэмж байна.

ЭЦЭГ, ЭХТЭЙГЭЭ ДУРСАМЖ БҮТЭЭХ НЬ НЭГ ӨДРИЙН БАЯРААС ҮНЭ ЦЭНТЭЙ

Хүүхдэд зориулсан үзвэр үйлчилгээний газрын нэг болох “Хүүхэлдэйн театр” хүүхдийн баярын тоглолтын ажилдаа бэлдэж байна. Хүүхдүүдэд зориулан үйл ажиллагаа явуулдаг тус газрын хувьд зорилтот үзэгчдэдээ тоглолтоо толилуулахыг тэсэн ядан хүлээж байгаа гэв. Тэдний хувьд дан ганц тоглолт зохион байгуулахаас гадна хүүхдэд театрын боловсрол олгодгоороо онцлог. Жүжгийн тасалбарыг хүмүүс кино шиг тухайн өдрөө шууд худалдаж авдаггүй, ихэвчлэн урьдчилан худалдаж авдаг учраас хүүхдэд төсөөлөн бодох, төлөвлөх, догдлох зэрэг эерэг мэдрэмжүүдийг өгдөг байна. Түүнчлэн анги хамт олноороо үзэх, гэр бүлээрээ үзэхийн хооронд ч ялгаа бий. Гэр бүлээрээ үзсэн хүүхдүүд ээж, аав маань надад чанартай цаг гаргаж байна гэдэгт маш их баярладаг талаар “Хүүхэлдэйн театр”-ийн маркетингийн албаны дарга Ц.Хулан хэлж байлаа.

Зургадугаар сарын 1-ний өдөр “Хүүхэлдэйн театр”-т хоёр тоглолт зохион байгуулна. Үүний нэг болох шинээр тавьж буй Пиноккио жүжгийг зургадугаар сарын 2-ны өдөр дахин тоглоно.

Жүжгийн тасалбарын борлуулалт эхлээд цөөн хонож байгаа ч эрэлт өндөр байгаа нь хүүхдийн жүжиг үзэхээр төлөвлөсөн гэр бүлүүд олон байгааг харуулж байна. Эдгээр гэр бүлүүдийн хувьд чанартай цагийг хамт өнгөрүүлэх нь нэг өдрийн баяраас үнэ цэнтэй. Ялангуяа хүүхдийн хувьд хэзээ ч мартагдашгүй нандин дурсамж болж үлдэх нь бий.

Эх сурвалж: Nnews.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *