“Монгол Улс сайн сортын нүүрсээ сорчилж борлуулахгүй байна”
Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбатаас нүүрс экспортын өнөөгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ хэдэн сая тоннд хүрч байна вэ. Экспортод гаргахаар төлөвлөсөн хувь хэмжээндээ хүрч чадаж байна уу?
-Монгол Улс өнөөдрийн байдлаар 31 гаруй сая тонн нүүрс экспортод гаргаад байна. Энэ бол өнгөрсөн оны мөн үеэс 20 гаруй сая тонноор өссөн үзүүлэлт. Үүнээс 40 гаруй хувийг нь Эрдэнэс Тавантолгой ХХК дангаараа экспортод гаргасан. Энэ онд Монгол Улс 70 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл он гарснаас эхний таван сарын байдлаар 31.2 сая тонн нүүрс экспортод гаргасан байгаа нь энэ оныхоо зорилтыг хангах бүрэн боломжтой гэж харж байна.
-Нүүрсний экспортын биет хэмжээ өссөн ч үнийн хувьд буурсан талаарх мэдээлэл байна. Үнэ буурсан шалтгаан юу вэ?
-Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ төрлийн мэдээлэл гарсан. Орлогын хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тодорхой хувиар буурсан асуудал бий. Учир нь Монгол Улс сайн сортын нүүрсээ сорчилж борлуулахгүй байна. Өөрөөр хэлбэл, коксжсон нүүрс, эрчим хүчний нүүрс гээд гурван төрлийн нүүрсийг экспортолж байна.
Сайн чанарын нүүрс хамгийн үнэтэй байна. Харин сул коксжсон болон, эрчим хүчний нүүрсний үнэ бага байгаа. Сорчлохгүй байх бодлого Эрдэнэс Тавантолгой компани явуулж байгаагийн хүрээнд олборлосон бүх төрлийн нүүрсээ борлуулах бодлого явуулж байна.
Нөгөө талаас нүүрсний биржийн арилжаа идэвхжсэн. Монгол Улс 2023 оны хоёрдугаар сараас эхлэн биржийн арилжааг эхлүүлсэн бол нүүрсний тухайд биржийн арилжаа маш амжилттай хэрэгжиж байна. Долоо хоног бүр ЭТТ компани биржийн арилжаа хийж байна. Тэр хэрээр манай компанийн болоод Монгол Улсын орлого нэмэгдэж байна. Түүнчлэн зэсийн баяжмалаа биржээр арилжаалж эхэлсэн. Монгол Улс уул уурхай дагасан далд бүхнийг ил болгож байна. Биржийн арилжаа гэдэг хамгийн ил тод явагддаг учраас энэ хэрээр орлого нэмэгдэж байгаа үр дүнтэй ажиллаж байна.
-Жилээс жилд нүүрсний экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх тооцоолол гаргаж байна. Экспортын хувь хэмжээ нэмэгдэхийн хэрээр тээвэр логистик боомтын хүчин чадлын асуудал хөндөгдөнө. Тухайлбал, 2025 онд 80 сая тонн нүүрс экспортлох төсөөлөлтэй байна. Ийм боломж бодитоор бий юу?
-Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын хөгжил, сэргэлт дээр онцгой анхаарч байгаа. Монгол Улсад одоогийн байдлаар Булган, Ханги, Шивээ хүрэн, Бичигт, Замын-Үүд зэрэг боомтоор экспортын голлох бараа бүтээгдэхүүн гарч байна. Боомтуудыг өргөтгөж, нэвтрэх хүчин чадлыг сайжруулах чиглэлээр дотоод болон гадаадын хөрөнгө оруулалтаар олон ажил хийж байна. Сар гаруйн өмнө Зам-Үүд боомтын өргөтгөлийг нээсэн.
Гашуун сухайт боомтын өргөтгөлийг ойрын үед ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Дараа нь шинээр боомт нээх асуудлууд ч яригдана.
Боомтын нэвтрэх хүчин чадал, өргөтгөл, боомтын сэргэлт дээр Засгийн газраас ихээхэн анхаарч байгаа учраас үүнийг дагаад экспортын хувь хэмжээ нэмэгдэх бүрэн боломжтой. Өнгарсан 2023 онд Монгол Улс 70 орчим сая тонн нүүрс экспортлосон нь боомтуудын хүчин чадлыг сайжруулсантай шууд холбоотой. Энэ онд 70 сая тонн нүүрс гаргах зорилт тавьсан. Ирэх онд 80 сая тонн гэх мэт жил бүр хувь хэмжээг нь нэмэгдүүлэхээр тооцсон нь боомтын сэргэлт хүчин чадалтай уялдуулсан тооцоолол.
-Нүүрсний экспортын хувь хэмжээг жил бүр нэмэгдүүлэх боломжтой гэдэгт итгэлтэй байна уу?
-Бололцоотой. Дахин хэлэхэд 2023 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 70 сая орчим тонн нүүрс экспортод гаргаж чадсан. Тухайн үед 50 сая тонн нүүрс экспортолж чадах эсэх асуудлаар маргаж байсан Гэтэл жилийн эцэст 70 сая тонн нүүрс амжилттай гаргаж чадсан. Үүнээс ч илүү гаргах бүрэн хүчин чадал бий. Түүнээс гадна Гашуун сухайтын төмөр зам, Ханги, Шивээ хүрэнгийн төмөр замын холболтууд хийгдчих юм бол экспорт илүү нэмэгдэх боломжтой.
-Хамгийн түрүүнд холбогдох боломжтой төмөр зам нь юу вэ?
-Хамгийн бололцоотой нь Гашуун сухайтын төмөр зам. Дараагийнх нь Ханги, Шивээ хүрэнгийн төмөр замыг холбоно. Мөн шинээр Цагаан дэл боомтыг нээхээр ярьж байна
-Нүүрсний экспортод шууд нөлөөтэй Хятадын эдийн засгийн өсөлт саармагжсан нь Монгол Улсын экспортод тодорхой хэмжээгээр буурах таамаглал байна. Энэ талаар тооцоло, мэдээлэл бий юү?
-Яг одоогийн байдлаар гадаад зах зээл болон Хятадын талаас импортлох түүхий эдийн хувь хэмжээгээ бууруурах талаар мэдээлэл алга. Жил бүрийн 4-5 дугаар сард нүүрсний үнэ тодорхой хувиар хэлбэлздэг. Энэ жилийн тухайд өнгөрсөн жилтэй харьцуулахад 10-20 орчим хувийн хэлбэлзэлтэй байна. Нүүрсний үнэ одоо эргээд сэргэж байна. Нөгөө талаас БНХАУ-руу гаргах экспортын хувь хэмжээ буураагүй байна. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт Хятадад хангалттай бий. Тийм учраас экспортын хувь хэмжээгээ нэмэгдүүлээд явах бүрэн боломж бий. Монгол Улсад орж ирэх орлогын хэмжээ нэмэгдэх нь валютын ханш, инфляци гэх мэт бүх зүйлийн суурь экспорт. Тиймээс тогтвортой өсгөх бүрэн боломжтой.