Төлбөрийн тэнцэл IV сарын эцсийн байдлаар $172 саяын ашигтай гарав

0

Төлбөрийн тэнцэлд гол нөлөө үзүүлдэг гадаад худалдааны ашиг 38 хувиар буурч, 1.5 тэрбум ам.доллар хүрчээ

Монгол Улсын төлбөрийн тэнцэл дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 172 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 36 хувиар буурсныг Төв банк мэдээллээ. 2023 оны мөн үед төлбөрийн тэнцэл 270.57 сая ам.долларын ашигтай гарч байсан юм.

Төлбөрийн тэнцэлд гол нөлөө үзүүлдэг урсгал дансны үзүүлэлтүүдээс харахад гадаад худалдааны ашиг 38 хувиар буурч, 1.5 тэрбум ам.доллар хүрчээ. Хэдийгээр 2024 онд нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс өссөн ч нэгжийн үнэ буурснаар экспортын орлого харьцангуй бага хувиар өссөн байна. Тиймээс цаашид нүүрсний экспортын зорилтоо биелүүлэхийн тулд хил хоорондын төмөр замын холболт, ачаа нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх хэрэгтэйг Эдийн засагч Н.Энхбаяр зөвлөж байна.

Урсгал дансны бусад үзүүлэлтүүдээс харахад үйлчилгээний дансны алдагдал нэг тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 60 орчим сая ам.доллароор нэмэгджээ. Хэдий тийм боловч тээврийн үйлчилгээнээс хүлээх алдагдал өмнөх оны мөн үеэс 100 гаруй сая ам.доллароор буурч, 200 сая ам.доллар болсон байна.

Дөрөвдүгээр сарыг хүртэлх хугацаанд импорт, экспорт, транзит тээврийн урсгал харьцангуй хэвийн байсныг Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо мэдээлж байв. Аяллын дансны хувьд Монгол Улс 442 сая ам.долларын алдагдал хүлээсэн нь өмнөх оны мөн үеэс 100 орчим сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт боллоо.

Харин санхүүгийн дансны хувьд 880 сая ам.долларын алдагдалтай байгаа нь өмнөх оны мөн үеэс нэмэгдсэнийг Монголбанк мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *