В.П. Борчук: Монгол Улсад ХАА-н үйлдвэрлэлийг механикжуулах өргөн боломж байна

0

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн манай улсад хийсэн төрийн айлчлал хоёр орны эдийн засаг, бизнесийн салбарт дахин шинэ хуудас нээн өндөрлөж байна.

Энэ талаар Беларусийн Аж үйлдвэрийн сайд Александр Рогожник хэлэхдээ, “Биднийг Монгол Улсад халуун дотноор хүлээн авсанд талархаж байна. Монгол Улстай харилцах харилцаанд урт хугацаанд ашигтай хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэж Беларусь Улс Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа эрчимтэй хөгжүүлэх сонирхолтой байгаа төдийгүй аж үйлдвэр, ХАА-н салбарт гарсан туршлага, бүтээн байгуулалтаа Монголын түншүүдтэй хуваалцахад бэлэн байна” гэв.

Тэрбээр, дэлхийн эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч та, бид одоо байгаа харилцаагаа хадгалахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

ХХААХҮ-ийн сайд, Монгол, Беларусийн Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга,  Х.Болорчулуун, “Хоёр улсын эдийн засгийн харилцааг ХАА, боловсрол, шинжлэх ухаан, технологи, онцгой байдлын салбарт эрчимжүүлэх боломжтойг талууд нотлохын зэрэгцээ хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд урт хугацааны түншлэлийг бий болгох зорилтоо тодорхойллоо” хэмээн дүгнэн хэлж байна.

Монгол, Беларусь улсын хоорондох худалдааны эргэлт 2023 оны байдлаар 36 сая ам.доллар байна. Хоёр улсын худалдаа, хамтын ажиллагаа боловсрол, ХАА, уул уурхай, тээврийн салбарт түлхүү хамтарч ирсэн юм. Одоо тэгвэл тээвэр, ложистик, ХАА-н түүхий эдийн боловсруулалт, байгаль орчинд анхаарч байна.

Монгол Улсаас Беларусь Улсад хийх экспортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхийг зорьж байна. Алтанбулагийн чөлөөт бүсэд хамтарсан үйлдвэр байгуулах талаар ярилцлаа.

Беларусь улсын Аж үйлдвэрийн яамны Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцааны газрын дарга В.П. Борчук хэлэхдээ, “Монгол Улсад ХАА-н салбарын үйлдвэрлэлийг механикжуулах өргөн боломж байна. Энэ хүрээнд Беларусь ул сүр тариа хураах комбайн, техникээс эхлээд тэжээл бэлтгэх, өрхийн аж ахуй эрхлэхэд цахилгаан тоног төхөөөрөмж, бага оврын техник нийлүүлэхэд бэлэн байна” гэв.

Мөн трактор угсрах “Минскийн тракторын үйлдвэр” нээлттэй хувьцаат компанийг Монгол Улсад байгуулах, малын тэжээл бэлтгэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, ХАА-н салбарт боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр, шинэ үр тариа, сорт ханган нийлүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр боллоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *