ББСБ-уудын зээлийн хэмжээ I улиралд ₮4 их наяд хүрч, өмнөх оны мөн үеэс 42 хувиар өсжээ
ББСБ-уудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 1.1 нэгж хувиар буурч, 6.9 хувь болов
Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хэмжээ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 42.4 хувиар өсөж, дөрвөн их наяд төгрөг хүрснийг Санхүүгийн зохицуулах хороо тайлагналаа. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд буюу 2020 онтой харьцуулахад 220.7 хувиар өссөнийг онцолж байна.
Тайлант хугацаанд зээлийн жигнэсэн дундаж хүү сарын 3.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр өсжээ.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гуравдугаар сарын ээлжит хурлаар бодлогын хүүг бууруулж, 12 нэгж болгосон юм. Нөгөө талдаа банкнуудын шинээр олгосон төгрөгийн зээлийн хүү 0.22 нэгж хувиар нэмэгдэж, 16.74 хувьд хүрснийг Монголбанк мэдээлж байв.
Үүнээс гадна тайлант хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нийт зээлд эзлэх хувь нь 0.7 хувиар буурч, 3.7 хувьд хүрсэн бол чанаргүй зээлийн хэмжээ ч мөн буурч, нийт зээлийн 6.9 хувийг бүрдүүлж байна. Нийт зээлийн үлдэгдлийн 88.5 хувь нь иргэнд, 11.5 хувь нь хуулийн этгээдэд олгосон зээл бүрдүүлжээ. Мөн нийт зээлийн 68.5 хувийг хэрэглээний зээл бүрдүүлж байгаа аж.
Энэ оны эхний улиралд Банк бус санхүүгийн байгууллагууд зээл, итгэлцлийн үйлчилгээ, факторинг, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх зэрэг нийт есөн төрлийн үйлчилгээ үзүүлснийг онцолж байна.