Д.Сумъяабазар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эздийг шалгана

0

Хотын дарга Д.Сумъяабазар “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанид шалгалт оруулахаа мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн Даваа гаригт /2023.03.13/ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Төв цэнгэлдэх хүрээлэнг газартай, юутай ийтэйг нь 49/50 хувиар менежментийн хувьчлалаар худалдаж авсан. Эргэн тойрон байгаа бүх газрыг зарсан. Тэр газрыг зарсан дүнгээс 49 хувь нь нийслэлд огт орж ирээгүй. Хувийн компаниудад хэдэн тэрбумаар газар зарсан бэ. Үүний 49 хувийг нэхэмжил. Бид засвар, үйлчилгээ хийгээд байдаг. Гэтэл нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй, ийм байж болохгүй. Ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулах хэрэгтэй. Ийм луйвар байж болохгүй шүү дээ. Нийслэлийн өмч эзэнгүй мэт байж болохгүй” гэж хэлсэн байна.

Цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд тойрон сүндэрлэх болсон. Уг нь Төв цэнгэлдэх нийслэлийн өмч байхдаа 31 га газрыг хамардаг байж. Гэвч Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор аравхан га болтлоо багасчээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” компани нийт 12.7 га газар эзэмшдэг.

Олон улсын карго, сургалтын төв, караоке баар гэсэн хаяг Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрон үйлчилгээ явуулна. Газрын тохижилтын талаар ам нээгээд ч хэрэггүй. Улсын баяр наадам дөхөхөөр л улсын төсвөөр хэдэн сандал, саравчийг нь засна. Бусад үед мартагдаад удаж буй.

Хэдий Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг хувьчилсан ч газрыг нь зөвхөн спортын зориулалтаар түрээсэлж, ашиглах ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд хашаа хатгаж, барилга байгууламж барихаас гадна машин ачилтын үйлчилгээний явуулж байсныг албаныхан зогсоож байсан удаатай.

Нийслэлээс 2020 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг хувьчлах шийдвэр гаргаж, 20 гаруй тэрбумаар үнэлэх асуудлыг ярьсан. Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэн ашиггүй, зарлага ихтэй. Одоогийн цэнгэлдэхийн багтаамжийг 3-4 дахин нэмэгдүүлэх шинэ хүрээлэнг Хан-Уул дүүрэг барина гэж ам гарцгааж байв. Одоо энэ бүхэн нь цаасан дээр хэвээрээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан 2022 оны тавдугаар сард яриа өгөхдөө “НИТХ-ын ээлжит хуралдаанаас 2020 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг хувьчлах шийдвэр гаргасан, 20 гаруй тэрбумаар үнэлнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн ашиггүй, зарлага ихтэй. Одоогийн цэнгэлдэхийн багтаамжийг 3-4 дахин нэмэгдүүлэх буюу 35-45 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барихаар Засгийн газар шийдвэрлэсэн. Уг ажлыг эхлүүлэх хөрөнгө 2020 оны төсөвт суусан. Жил болгон наадмаар бид сандал тавиад хамгийн ихдээ 15 мянган хүнд наадам үзүүлдэг. Зарлага хэмнэх үүднээс цэнгэлдэхийг хувьчлалд шилжүүлэхдээ хамгийн доод үнээр нь танилцуулсан. Харин одоо Нийслэлийн өмч хувьчлалын комисс хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэнэ.

Одоо байгаа газрын барилгыг тооцолгүй, нэг га газрын үнийг тооцвол 1.6 тэрбум төгрөг болж байна. Цэнгэлдэхийг худалдсанаар өнгөрсөн хугацаанд гарсан зардлыг хэд дахин нугалах орлого нийслэлийн төсөвт орох боломжтой. Бид гарсан зардлаа хэд дахин нугалж олох ийм л зорилго тавьж байна” гэж байсан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *