Н.Номтойбаярыг НЭР ДЭВШИХ ЭРХТЭЙ гэж шүүх үзлээ
Захиргааны хэргийн шүүх Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгээгүй нь хууль бус гэж үзэж, түүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг СЕХ-нд даалгах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Шүүхийн танхимд нэхэмжлэгч талыг төлөөлөн нэхэмжлэгч Н.Номтойбаяр болон түүний хуульч О.Батхүү, өмгөөлөгч Х.Базаррагчаа нар тус тус оролцож байгаа бол хариуцагч талыг төлөөлж СЕХ-ны хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Наранбат нар оролцжээ.
Нэхэмжлэгч Н.Номтойбаярын талаас тавьсан шаардлагад Цагдаагийн газрын тодорхойлолт нь агуулгын ялгаатай бөгөөд төөрөгдүүлсэн утга агуулгатай байсан төдийгүй Сонгуулийн тухай хуулийн 29.9-д зааснаар Авлига, албан тушаалын хэрэгт эрүүгийн хуулийн 22-р зүйл заалтыг тооцно гэсэн боловч Н.Номтойбаяр нь энэ зүйл заалтаар ял шийтгэл эдэлж байгаагүйг дээд шүүхээс тодорхойлсон ч үүнийг үл харгалзан сонгогдох эрхэнд халдсан гэх үндэслэлийг дэвшүүлсэн.
СЕХ-ны хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Наранбатын талаас СЕХ нь зөвхөн Цагдаагийн газрын өгсөн тодорхойлолтод үндэслэн шийдвэр гаргасан гэдгийг хэлээд цагдаагийн тодорхойлолт нь нэг форматтай бөгөөд түүнээс нь зөрсөн тохиолдолд шаардлага хангаагүй гэж үзсэн гэдгийг мөн мэдэгдсэн.
Шүүх бүрэлдэхүүний зүгээс хариуцагч талд хандан ЦЕГ-аас удаа дараа ялгаатай тодорхойлолт ирсэн боловч СЕХ нэмэлт судалгаа хийсэн эсэх болон 23-р зүйл заалтын тухай судалгаа хийсэн эсэхийг онцлон асуусан бөгөөд СЕХ-ны хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Наранбат нь эдгээр асуултуудад хариулах боломжгүй, мэдээлэл байхгүй гэсэн тайлбар өглөө.
Мөн шүүх бүрэлдэхүүний зүгээс нэхэмжлэгч талын тавьсан асуултуудад хариуцагч буюу СЕХ-ны төлөөлөгчийг хариулахыг шаардсан боловч СЕХ тайлбар өгөх эрхгүй гэх үндэслэлээр хангалттай үндэслэл, мэдээлэл өгсөнгүй.
Захиргааны хэргийн шүүх Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгээгүй нь хууль бус гэж үзэж, түүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг СЕХ-нд даалгах шийдвэр гаргасан байна.