Хөшигийн хөндийгөөс такси 100 мянган төгрөгөөр үйлчилж байна
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал орохын тулд иргэд нэг талдаа 70 мянгаас 100 мянган төгрөгийг таксинд төлж байна.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал Төв аймгийн Сэргэлэн сум Хөшигийн хөндий рүү нүүсний дараа тус газар луу нийтийн тээвэр үйлчлэхгүй байгаагаас таксины төлбөр өндөр гарч буй тухай иргэд асуудал тавьснаар том оврын автобус үйлчилгээнд гаргасан юм. Гэвч иргэд цөөн тоогоор үйлчлүүлж байснаас зогсоожээ.
Иргэдийн хувьд “Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудал руу том оврын автобус явуулах шаардлагагүй. Түлш бага идэх дунд оврын автобус явуулахад тохирно” гэж үзэж байгаа юм.
Уг нь аль ч улсад олон улсын нисэх буудлаасаа хот руугаа орж ирдэг нийтийн тээврийн үйлчилгээ байдаг ч Монгол Улсын хувьд ийм тээврийн хэрэгсэл байдаггүй нь зарим гадаадын иргэдийн гайхашралыг ч төрүүлээд амжжээ.
Монгол Улс өнгөрсөн жил 650 мянган жуулчин хүлээн авсан. Өнөө жил нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад буй. Жуулчдын оргил цагаас урьтаж нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхгүй бол хөл тавьсан цагаасаа эхэлж “холгуулсан” мэдрэмжийг жуулчдад үлдээж мэдэхээр байна.