Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад 800 хүн ажиллаж байна
Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад өнөөдрийн байдлаар нийт 800 орчим хүн ажиллаж буй ажээ. Энэхүү төслийг ашиглалтад оруулахад зөвхөн Энэтхэг, Хятадын мэргэжилтнүүдээр хязгаарласангүй Итали, Франц, Америк, Нидерланд, Герман, Их Британи, Канад, Испани зэрэг орнуудын инженер, мэргэжилтнүүд ч ажиллаж буй юм байна.
Монгол газрын тос боловсруулах ТӨХК-ийн мэдээллээр Дорноговь, Сүхбаатар, Дорнод гэсэн гурван аймгийн 10 сум, 600 гаруй км газар нутгийг дамнан, дөрвөн томоохон төсөл хэрэгжиж буй юм. Цар тахлаас болж бүтээн байгуулалтын ажил хойшлон 2021 оны дөрөвдүгээр сард эхэлж байсан бөгөөд одоогоор технологийн бус барилга байгууламжууд болох ус, цахилгаан хангамжийн систем, засвар-механикийн цех, лаборатори, агуулах, захиргаа-сургалтын барилга, түргэн тусламжийн байр, ажилтнуудын хоолны газар, тусгай зориулалтын автозам зэрэг эхний багц ажилд багтсан энэхүү байгууламжууд 100 хувь дуусчээ.
Мөн өнгөрсөн жилээс үйлдвэрийн үндсэн технологийн байгууламж болох дулааны цахилгаан станцын барилгын ажил эхэлсэн нь зогсолтгүй үргэлжилж байна.
Тус үйлдвэрийн үндсэн түүхий эд болох газрын тосыг Дорнод аймгаас үйлдвэрийн талбай хүртэл тээвэрлэх зориулалттай, газар доор тавигдах 530 км урт дамжуулах хоолой (нүүрс-ус төрөгчийг хол замд тээвэрлэх монголын анхны магистраль шугам хоолой) барих ажил талдаа оржээ.
Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгоод байгаа юм.