Хэрлэн голын үерийн усыг хурааж, хиймэл нуур байгуулах ажил нэг алхам урагшиллаа

0

Манай улсын говийн бүс төрөл бүрийн эрдэс баялгаар арвин. Иймд “Оюу толгой”, ЭТТ гэх мэт уул уурхайн томоохон компаниуд энэ бүст ажиллаж байна.

Мөн Дорноговь аймагт Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, экспортын гол бүтээгдэхүүнүүдийг олборлодог тул шинэ төмөр замуудыг ч говьд барьсаар байна. Өмнөговь аймгийн хүн ам сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдсэн бол дараагийн, хоёр дахь том төвлөрөл Дорноговь аймагт бий болох нь тодорхой боллоо. Гэвч говьд усны нөөц хомс тул томоохон үйлдвэрүүд байгуулж, тэнд ажиллах олон зуун ажилчдыг цэвэр усаар хангах бодит сорилт бий. Иймд говийн гүний усыг ашиглалгүй, гадаргын ус ашиглах Хэрлэн-Тооно төслийг санаачилсан юм.

Түүх сөхвөл БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 127 тоот тогтоолыг үндэслэн “Хэрлэн голын сав нутгийн усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах ерөнхий схем”-ыг 1977-1980 онд боловсруулжээ.

Үүнээс хойш Хэрлэн голын усны нөөцийг тооцох, бүс нутаг хооронд дамжуулан ашиглах талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн байгууллагуудын олон дүгнэлт гарсан.

2015 онд “Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ”-ээр тооцоход зөвхөн хуримтлуулсан усаа уул уурхайн бүст нийлүүлэх замаар орон нутгийн төсөвт жилдээ 180 тэрбум төгрөгийн орлого оруулах тооцоо гарч байв. Гэвч зарим улс төрч болон Хэнтий аймгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас төсөл өнөөг хүртэл хэрэгжээгүй.

ЭНЭ ТӨСЛИЙН ТАЛААР МЭРГЭЖЛИЙН ХҮН ЮУ ХЭЛЭВ?

“Хэрлэн-Тооно усан цогцолбор” төслийг боловсруулсан Монгол Улсын зөвлөх инженер, доктор Ц.Батдорж 2015 онд “Усны барилга байгууламжийн томоохон төслүүдийг мэргэжлийн бус хүмүүс муйхраар эсэргүүцэж, улс төрийн зорилгоор олон нийтэд сөрөг ойлголт төрүүллээ.

Бид дэлхийн хөгжлөөс маш их хоцорсон. Экологи, эдийн засгийн хохирол учруулах асуудал байвал тооцоо судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ярих ёстой. Бид хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах төслүүдээ 20, 30 жилээр гацаалаа. Том голын урсцыг тохируулснаар гол ширгэдэггүй. Харин ч экологийн таатай нөхцөл бүрэлддэг. Эрсдэлтэй байдаг бол дэлхий нийтээр эсэргүүцэх ёстой.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар зохион байгуулдаг COP-18 уулзалтаас “Цөлжилтийг сааруулах гол арга зам бол хиймэл усан цогцолборууд байгуулах явдал” гэдгийг тодорхой тунхагласан” хэмээн ярьжээ.

ХЭРЛЭН-ТООНО ТӨСЛӨӨР ЯМАР АЖИЛ ХИЙХ ВЭ?    

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер нар гарын үсэг зурлаа.

“Эрдэнэс Оюу Толгой”, “Оюу толгой” компаниуд хамтран Хэрлэн-Тооно төслийн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчилж, тодотгол боловсруулна. Энэ хүрээнд Ажлын даалгавар II баримт бичигт тус компанийн удирдлагууд өнгөрсөн сарын 31-нд гарын үсэг зурлаа.

“Эрдэнэс Оюу Толгой” ТЭЗҮ-ийг шинэчлэх мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх юм.

skip-share

Хэрлэн гол Монголын нутгаар 1,090 километр урсаж, БНХАУ-ын нутаг руу жилд дунджаар 0.6 тэрбум м.куб ус гаргадаг.

“Эрдэнэс Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү, “Хэрлэн-Тооно төслийн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх, тодотгол боловсруулах” бидний хамтын ажиллагаа амьд бүхний эх булаг болсон усны нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой ажлын эхлэл” гэв.

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Бидний хамтын ажиллагаа “Оюу толгой”-н шинэчилсэн стратегийн Хөрст дэлхий, Хамтын ажиллагаа тэргүүлэх чиглэлүүдийн зорилготой нийцэж байна. Мөн “Хэрлэн-Тооно” төслийг байгаль орчин, нийгэмд нөлөө багатайгаар хэрэгжүүлэх боломжтой, эсэхийг тодорхойлох ач холбогдолтой. ТЭЗҮ-ийг дотоодын болон олон улсын стандартад нийцүүлэн, сайтар боловсруулахад талуудын хамтын ажиллагаа чухал” хэмээн онцолсон юм.

Хэрлэн гол Монголын нутгаар 1,090 километр урсаж, БНХАУ-ын нутаг руу жилд дунджаар 0.6 тэрбум м.куб ус гаргадаг байна. Урсац нь олон жилийн дунджаар 19.3 м/с байдаг бол хур борооны үерийн үед 1,320 м/с болж нэмэгддэг.

Иймээс Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Тооно уулын дэргэд Хэрлэн голын үерийн усыг хураах 1.6 тэрбум м.куб устай хиймэл нуур байгуулж, урсцыг тохируулснаар гол татарсан үед сэлбэх боломжтой. Мөн Сайншанд, Цагаан цав, Загийн усны ордыг дайруулан нийт 702 километр хоолойгоор Тавантолгойн нүүрсний уурхайн дэргэдэх усан санд ус дамжуулна.

Гэхдээ эдгээр нь уг төслийн анхны буюу арван жилийн өмнөх ТЭЗҮ-д бичсэн тооцоо юм. Иймд дээрх тоонууд өөрчлөгдөж болзошгүй. Хөрөнгө оруулалт, барилгын ажлыг эхлүүлэхэд сүүлийн таван жилийн хугацаанд ТЭЗҮ-ийг шинэчилсэн байх шаардлагатай тул ТЭЗҮ-ийг тодотгох тохиролцоонд дээрх хоёр байгууллага хүрлээ. Ингэснээр 1976 онд эхлүүлсэн ч өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй, томоохон төслийг нэг алхам урагшлуулав.  

“Оюу толгой” компани үндэсний хэмжээний усны аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх стратегийн зорилгынхоо хүрээнд гол түншлэгч болох Засгийн газрыг төлөөлөх “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-тай хамтран “Хэрлэн-Тооно” төслийн ТЭЗҮ-ийг тодотгоход гурван сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *