Аса аварга амлалтдаа хүрэх үү?
Улсын циркийн барилгыг 2024 оны долдугаар сарын 7-нд ашиглалтад оруулна гэдгийг “АСА” циркийн захирал, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж мэдэгдсэн. Түүний амлалт биелэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Өнгөрсөн дөрвөн жил улсын циркийн барилгагүй байсан ард түмэн Үндэсний баяр наадмын өмнө циркийн барилгыг ашиглалтад оруулах эсэхэд эргэлзэж байна. Циркийн уран бүтээлчдийн зүгээс ч түүний энэ үгэнд итгэхгүй байгаагаа хэлж байсан юм.
Циркийн сургуулийн шинэ байрыг Монгол Улсын консерваторийн хашаандаа барихаар зураг төслийг нь гаргасан ч төсөв санхүүжилтгүй гацсан байдалтай байгааг багш ажилчид нь хэлж буй.
Улсын циркийн барилгыг нураагаад дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Өмнө нь 2008-2020 он хүртэл циркийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан ч 2020 оны долдугаар сараас засварын ажил эхэлж, өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа юм. Гэтэл нэмээд улсын циркийн урд талд 35 давхар барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан гэдгийг НИТХ-аар албаныхан өмнө нь мэдээлсэн. Албаныхны тайлбарлаж байгаагаар циркийн газар биш банкны газар гэдгийг онцолдог.
Тодруулбал, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны эзэмшил газар дээр оффис үйлчилгээний зориулалттай 35 давхар барилга барихаар төлөвлөжээ. Угтаа өндөр барилга барихаар төлөвлөсөн энэ газар ч улсын циркийн газрын нэг хэсэг. Циркийн урд талд 35 давхар өндөр барилга баривал түүхэн дурсгалт барилгын архитектурын орон зай нь алдагдана гэдгийг судлаачид хэлж, анхааруулж байгаа. Гэвч хэн ч тоож, авч хэлэлцсэнгүй.
Улаанбаатар хотын түүх судлаач Г.ОЧБАЯР:
-Улсын циркийн барилгын талаар саяхан олон нийтийн сүлжээнд мэдээлэл цацагдсан. Түүхэн дурсгалт барилгын ойр орчимд 35 давхар барилга барихаар төлөвлөсөн. Гэхдээ циркийн барилгыг буулгахгүй гэсэн. Циркийн барилгыг шинэчлэх зураг төслөөс харахад үндсэн дүр төрх, бүтээцийг өөрчлөх юм байна. Хажууд нь 35 давхар барилга барих юм байна гэдэг нь харагдсан. Бид энийг эсэргүүцэж байгаа юм. Хотын төвийн А бүсэд байрлах маш цөөн орон зай, түүхэн барилга. Хотын хуучны дүр төрхийг авч үлдэх шаардлагатай. Улсын цирк нийслэлчүүдийн хайртай, очих дуртай газрын нэг байсан.
Улсын цирк нь соёлын томоохон байгууламж учраас тэр орон зайг нь устгах гэж байгааг эсэргүүцэж байна.
Нэгдүгээрт, барилгын үндсэн хэв шинж өөрчлөгдөнө. Хоёрт, ойр орчмын орон зайг эвдэх зураг төсөл болсон байна. Улаанбаатар хотод усан оргилууртай гудамж маш цөөн үлдсэн. Их дэлгүүрээс урагшаа Богд хаан уул нэвт харагддаг орон зай иргэдийн аюулгүй байдал, чөлөөт цагийг өнгөрүүлэх зориулалттай талбайтай. Циркийн хажууд 35 давхар өндөр барилга барьвал тэр орон зай нь алдагдана. Хотын даргаар ажиллаж байсан хүний гэр бүл түүхэн дурсгалт барилгыг үгүй хийх гэж байгаад шүүмжлэлтэй хандаж байна” гэдэг байр суурийг илэрхийлж байсан.
“УЛСЫН ЦИРК НЬ АРХИТЕКТУР УРЛАГИЙН ӨВӨРМӨЦ БАЙГУУЛАМЖ ЮМ”
Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.
Тэрбээр “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар гуай 1968 оны арванхоёрдугаар сард намайг дуудан, Улсын циркийн барилга хариуцсан архитектороор томилсон. Тухайн үед Соёлын яамны сайдаар С.Сосорбарам гуай, циркийн даргаар С.Сосор гуай нар ажиллаж байлаа. Тэр үеийн Улаанбаатар хот 180-аад мянган хүн амтай, ганц гудамжтай “Эсгий хот” нэрээсээ салаагүй байлаа. Миний бие 1968 оны эцсээр Румын улсад албан томилолтоор очиж, Бухарест хотын зураг төслийн институтын архитектор Н.Берхович тэргүүтэй мэргэжилтнүүдтэй олон удаа уулзан, Монголын циркийн барилгын зураг төслийг манай орны онцлогт тохируулан гаргасан.
Румын улсын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод Улсын циркийн шинэ барилгыг барих асуудлыг хоёр тал харилцан тохиролцсон. Тэр үеийн гурван сая рубль гэдэг нь ойролцоогоор тухайн үеийн ханшаар 23.4 сая төгрөг буюу 7.4 сая ам.доллар юм болов уу.
Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн байв. Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж, хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон” тухай ярьсан юм.