Б.Очирваань: Монгол хүүхдүүд ирээдүйд Премьер лигт тоглох боломжтой гэдгийг багахан ч болтугай харуулсан гэж найдаж байна
Английн Манчестер хот хүртэл унадаг дугуйгаар аялж, домогт тоглогч Уэйн Рүүнитэй ч уулзаад амжсан Б.Очирваань өчигдөр эх орондоо ирлээ. Өдгөө 26 настай тэрээр 12800 гаруй км замыг өөрийн итгэлт унаа болсон Германы “CUTE” брэндийн “TYRING” дугуйгаар туулжээ. “Монголын дугуйн холбоо”-ны гишүүд болон сайн дурын дугуйн спорт сонирхогчид түүнийг “Степпе Арена”-гийн авто зогсоол дээр тосож авсан юм. Тэрээр ирсэн хүмүүстэй дурсгалын зураг татуулж, хүүхэд залуучуудтай биечлэн уулзаж байв. Бид 10:00 цагт Сүхбаатарын талбай руу хөдөлж нийт 19 км замыг хагас цагийн хугацаанд туулж ирэв. “Монголын дугуйн холбоо” түүний хичээл зүтгэл, хүүхэд залууст үзүүлж буй үлгэр дуурайллыг өндрөөр үнэлж дугуйн спортын нэгдүгээр зэрэг олгов. Энэ үеэр аялагч Б.Очирвааньтай ярилцлаа.
-Аян зам нь өлзийтэй сайн байв уу?
-Нийт 19 улсаар дамжиж, 1400 км замыг нэг жилийн хугацаанд туулсан байна. Энэ зам маш хэцүү, саад бэрхшээлтэй байсан. Гэхдээ миний зорилго тодорхой, хүсэл мөрөөдөл минь үнэ цэнтэй байсан учир замд учирсан ямар ч саад бэрхшээлийг даван туулаад эцсийн зорилгодоо хүрсэндээ туйлын баяртай байна.
-Энэхүү аялалд явснаараа танд ямар өөрчлөлт гарав?
-Миний хувьд онцгойлсон өөрчлөлт гэвэл олон хүнд танигдаж хүндлэгдлээ, олон хүнээс урмын сайхан үг сонслоо. Эдгээр зүйлс намайг улам их хурцалж байна.
Одоо юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?
-Нэг хэсэг амарна аа. Хамгийн эхний хийх ажил бол аяллынхаа тухай номоо бичих л байна.
-Аяллаа хаанаас эхлүүлсэн бэ?
-Энэхүү аяллаа өнгөрсөн жил гэрээсээ эхлүүлсэн. Гэрээсээ эхлүүлсэн шалтгаан маань хүүхэд, залуучуудад хүн хүсвэл хаана ч эхэлж, хаана ч хүрч болдог гэдгийг харуулахыг хүссэн юм. Гэрээсээ гарсан энгийн нэгэн залуу өнөөдөр Чингис хааныхаа хөшөөний урд аяллаа өндөрлүүлж байна. Аяллаа ийнхүү өндөрлүүлэх зорилготой байсан. Олон дугуйчин залуус дүү нар, ах, эгч нартайгаа аяллаа өндөрлүүлж байгаадаа баяртай байна.
-“FIFA world cup”-ийн эзэн, Аваргуудын лигийн, Английн Премьер лигийн аварга Уэйн Рүүнитэй уулзсан сэтгэгдэл ямар байв. Та хоёр юун тухай ярилцав?
-Рүүни бол миний биширдэг, үлгэр дуурайл авдаг тамирчин. Түүний талбай дээр гарсан л бол ялалтын төлөө бүх зүйлсээ зориулдаг дайчин чанар нь надад халдсан. Намайг ч бас яг тийм дайчин болгосон. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө, өөрийнхөө урдаа тавьсан зорилгынхоо төлөө тууштай, хичээнгүй байх сэдлийг надад өгсөн. Шаргуу хөдөлмөр, хөлс хүчээ дуслуулсны үр дүнд өөрийнхөө шүтэж биширч явдаг Уэйн Рүүниг хажуудаа ирүүлсэндээ маш их баяртай байна. Тэр бол гайхалтай, үгээр хэлшгүй мэдрэмж байсан. Бид уулзаад маш олон зүйлийн тухай ярилцсан. Бичлэг дээрх яриа богинохон харагдаж байгаа боловч маш удаан хугацааны харилцан яриа өрнөсөн. Гэнэт уулзсан болохоор шоконд орчихсон байсан. Тийм болохоор ихэвчлэн Рүүни ярьж, би сонсож байлаа. Сүүлдээ Рүүнигийн хэлэх зүйлс дуусч “Надаас асуух асуулт байна уу” хэмээсэн. Гэхдээ хэсэг хугацааны дараа би шокноосоо гарч алдартай гоолынх нь тухай, хөлбөмбөгийн замналынх нь тухай маш удаан ярилцсан.
-Англид нэвтрүүлэгт оролцож байх шиг байсан?
-Нэвтрүүлэгт орсон нь гэнэтийн бэлэг байсан. Тэнд миний ярьсан зүйлс, хийсэн үйлдэл бүхэн маань миний анхны сэтгэгдэл байсан. Өөрийн мэдэрч буй мэдрэмжээ бусдад харуулахыг хүссэн. Хүн хүсч мөрөөдөж явсан зүйлийнхээ орчимд хүрэх үед цагт үгээр хэлэмгүй сэтгэл хөдлөл гаргадаг нь тэр байх.
-Премьер лигийн талбай дээр тоглох ямар байв?
-Премьер лигийн хаалтын шоунд уригдаж тоглосон. Тэнд мэргэжлийн тамирчид байгаагүй учраас өөрөө жаргалтай байж, талбай дээр байгаа хором мөч бүрээ мэдрэхийг хичээж байсан. Аз жаргалыг мэдэрч тоглосон сайхан мөч байсан.
-Унадаг дугуйтай аялах нь танд ямар өөрчлөлтийг авч ирсэн бэ?
-Би анх удаа унадаг дугай унаж, гадны орныг зорьсон маань энэ байлаа. Монголоос гараад олон улсын унадаг дугуйн хөгжил, соёлыг нүдээр үзлээ. Унадаг дугуй унах нь хүний эрүүл мэндэд ямар ач тустай, дугуйтай аялал хүнд ямар мэдлэг боловсрол, хувь хүний хөгжлийг төлөвшүүлдэг юм бэ гэдгийг биеэрээ мэдэрлээ. Тиймээс Монгол Улсад ч унадаг дугуй унах соёлыг дэлгэрээсэй гэж хүссэн. Ихэнх улс орны хотууд зориулалтын дугуйн замтай байлаа. Унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох нь асар өндөр соёл гэдгийг олж харлаа. Энэ бүх соёлыг нийгэмдээ нэвтрүүлж, үлдээхийг хүсч байна.
-Дугуйн холбооноос нэгдүгээр зэргийн тамирчны зэрэг авсан сэтгэгдэл ямар байна вэ?
-Маш таатай байна. Надаас илүү ур чадвартай тамирчид Азийн тэмцээнүүдэд оролцож байна, мөн олимпод оролцох эрхээ авсан тамирчид ч байна. Миний хувьд унадаг дугуй унахыг хүмүүст уриалж байгаа маань хамгийн том оролцоо юм.
-Хүүхэд залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Халуун дотноор хүлээж авсан хүмүүстээ баярлалаа. Хүүхэд залуучууддаа хандаж хэлэхэд хүсэл мөрөөдөлдөө үнэнч, тууштай байгаарай. Тодорхой зорилго тавьж түүнийгээ биелүүлэхийн төлөө хүрэх арга замаа шантралгүй олоорой. Хүн бүр хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой. Ямар нэгэн арга замаар хүрэх арга олдох болно.
-Нууц биш бол аяллын нийт зардал ямар байсан бэ?
-Барагцаагаар нийт есөн мянган ам,доллараас дээш зардал гарсан. Аяллын зардал дээр маш олон хүмүүс тусламж дэмжлэг үзүүлсэн. Энэ бол зөвхөн миний амжилт биш. Намайг мөрөөдлөө биелүүлээсэй гэсэн хүмүүсийн чин сэтгэлийн хүчинд би аяллаа амжилттай өндөрлүүллээ. Тэр бүх хүмүүст баярлалаа.
-Нэг жилийн өмнөх Очирваань, өнөөдрийн Очирваань хоёр ямар ялгаатай вэ?
-Асар их ялгаа байна. Сүүлийн нэг жил цаг хугацаа зогссон мэт байлаа. Нэг жилийн дотор арван жил амьдарчихсан мэт байна. Учир нь олон хүмүүстэй уулзаж танилцлаа. Маш олон зүйлсийг нүдээр харж, өөр бусад зүйлсийг ч мөн мэдэрч ойлгож авлаа. Миний амьдралд маш чухал жил байлаа. Үүнээс хойш бусдын төлөө, хүүхэд залуусынхаа төлөө маш их зүйлсийг хийх жилүүд байх болно.
-Хөлбөмбөг дэлхийг нэгтгэдэг үү?
-Хөлбөмбөг дэлхий ертөнцийг, монголчуудыг ч нэгтгэдэг. Монгол Улсад маш олон авьяастай хүүхдүүд байгаа. Тэд ирээдүйд Английн Премьер лиг, Old Trafford гэх мэт том клубүүдэд тоглох болно. Тиймээс тэдний явах үүд хаалга, замыг нээхийн тулд энэхүү аяллыг хийсэн. Монгол хүүхдүүд ирээдүйд Премьер лигт тоглох боломжтой гэдгийг багахан ч болтугай харуулсан гэж найдаж байна.