ПРОКУРОРООС ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ ГАРАХАД НӨЛӨӨЛСӨН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ АРИЛГУУЛАХААР 15 МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
Прокурорын байгууллага 2023 оны 3 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 498 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 4 шаардлага хүргүүллээ.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд 15 мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:
-Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Зэвсэгт хүчний 017 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч З нь байлдагч Ц-тэй маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар Зэвсэгт хүчний харьяа барилгын цэргийн 017 дугаар ангид прокурорын мэдэгдэл бичсэн байна.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.