МАН-аас нэр дэвшигчдийн уулзалт Сүхбаатар аймагт үргэлжлэв
УИХ-ын ээлжит сонгуулийн 6-р тойрогт нэр дэвшигчид Сүхбаатар аймагт ажиллаж байна. Нэр дэвшигчид өнөөдөр Эрдэнэцагаан сумын иргэд, сонгогчидтой уулзаж, 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу зүүн бүс долоон мандаттай. Тус тойрогт МАН-аас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан Пүрэв-Очирын Анужин, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Мөнгөнцогийн Ганхүлэг, Ухнаагийн Отгонбаяр, Цагаанхүүгийн Идэрбат, Лхагвасүрэнгийн Соронзонболд нар нэр дэвшиж байна.
Нэр дэвшигчид энэ удаагийн сонгууль Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдан томсгосон тойргоор зохион байгуулагдаж буйг онцлоод, зүүн бүс нутгийг эрчимжсэн мал аж ахуй, эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт тээвэр, логистик, түүх, соёл, байгаль, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлал гэсэн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр хөгжүүлэхээр зорьж буйгаа тус сумынханд танилцууллаа. Энэ хүрээнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт хийхээр мөрийн хөтөлбөрт тусгасан ажлууд, тэдгээрийн үр өгөөжийг танилцууллаа.
Тухайлбал, нэр дэвшигч М.Бадамсүрэн Дорнод аймгийн дулааны цахилгааны станцын хүчин чадлыг 50MBT-аар өргөтгөсөн. Намын мөрийн хөтөлбөрт Хэнтий аймагт шинээр ДЦС барьж, Сүхбаатар аймгийн ДЦС-ын хүчин чадлыг өргөтгөн, дулаан хангамжийн системийг байгуулахаар тусгасан.
Энэ нь бүс нутгийн хөгжилд томоохон хувь оруулна гэдгийг хэлэв. Нэр дэвшигч У.Отгонбаяр “Эрээнцав, Бичигт, Сүмбэр боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Чойбалсан, Хөөт, Бичигт чиглэлийн төмөр зам, босоо тэнхлэгийн авто зам зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр МАН төлөвлөсөн. Зүүн аймгууд хоорондоо, аймаг сум хоорондоо авто замаар холбогдоно. Ажлын байр бий болно, дундаж давхарга тэлнэ” гэв. Тэрбээр МАН засагласан найман жилд авлигын эсрэг арга хэмжээ авч, хуримтлагдсан өрийг дарах, боомтуудыг сэргээх зэрэг олон ажлыг эхлүүлсэн. Үүнийг үргэлжлүүлэхэд тогтвортой төрийн бодлого чухал. Иймд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг нутгийн иргэдээсээ хүслээ.
Эрдэнэцагаан сумын уулзалтад оролцогчид бүс нутгаа цогцоор нь хөгжүүлэх, эрх баригч намын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг үргэлжлүүлэхийн тулд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлж байв.
Тус сумын нутагт олон улсын зэрэглэлтэй Бичигт боомт оршдог. Хилийн цэргийн анги, сум дундын онцгой байдлын анги, цагдаагийн тасагтай. Хүрэн нүүрсний дөрвөн уурхайтай. Улсын төсвийн хөрөнгөөр ЕБС-ийн барилга баригдаж, ажлын явц 60-70 хувьтай үргэлжилж байна. Дархан цаазат Лхачин вандад уул, Зотол хан уул зэрэг, Талын халиун буган сүрэгтэй, Егүзэр хутагтын мэндэлсэн Мэндсайханы дов зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газруудтай учир гадаад, дотоодын аялагч, жуулчдыг татах бүрэн боломжтой юм.
МАН-ЫН СОНГУУЛИЙН ШТАБ