НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын ээлжит бус XX хуралдаан өнөөдөр /2024.06.13/болсон ч ирц тааруу байснаас төлөөлөгч Б.Эрдэнсүх бухимдав. Тэрбээр “Цаашид НИТХ яаж хуралдах вэ. НИТХ-аас 15 төлөөлөгч УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Тэднийг УИХ-ын сонгуулиар гаргачих гээд бусад нь бас дагаад далдагнаад явж байна. Иймэрхүү ирц муутай хуралдах юм бол НИТХ тарах уу яах вэ. Чухал асуудал ярьж байхад хариулт өгөх албан тушаалтнууд алга. Иргэдээ хүндлээд хуралдаа ирж сууж болдоггүй юм уу.
Нийслэлийн Засаг даргын орлогч нар нь ажил хийнэ гэж ирчихээд хэдхэн сар болонгуутаа “УИХ-ын сонгуульд нэр дэвшлээ, баяртай” гээд явлаа. Юу ч болоод байгаа юм” гэж бухимдлаа илэрхийлэв.
Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатар томилогдсныхоо дараа орлогчоороо П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг “авсан”. П.Сайнзоригийн хувьд Х.Нямбаатарыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхад тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. О.Номинчимэгийн хувьд УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн гэгддэг. Тэд Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдоод долоон сар л болж буй. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа бол О.Номинчимэг орлогч МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтын 16-д эрэмбэлэгдсэн юм. О.Номинчимэг НИТХ-ын өнөөдрийн ээлжит бус хуралдаанд оролцсон бол П.Сайнзориг ирээгүй юм.
НИТХ-ын өнөөдрийн хуралдаанд УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа олон төлөөлөгч ирсэнгүй. Тэд бүгд нийслэлийн тойрогт өрсөлдөж буй. Улаанбаатар хотод бороо сууж ороход л үер бууж, замтайгаа хүнтэйгээ урссан гашуун сургамж бий. Иймээс өнөөдрийн хуралдаанаар үерээс хамгаалах чиглэлээр нийслэл ямар ажлууд хийж байгаа, хөрөнгө мөнгө нь хүрэлцэж байгаа юу. Цаашид анхаарах асуудлууд юу вэ гэдгээс эхлээд Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн үнэт цаас гаргаж арилжих тухай, Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг чухал асуудал хэлэлцсэн юм.
УИХ-ын 2024 оны сонгуульд НИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байгаагаас зургаа нь дүүргийн Засаг даргын алба хашиж буй. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн гишүүн Н.Батсүмбэрэл, Н.Алтаншагай, Ө.Сумъяабаатар, Н.Баярмөнх, Н.Баярчимэг, Ж.Алдаржавхлан, Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид болох Х.Болормаа, М.Тулгат, Д.Бадарсан, Д.Энхтуяа, Т.Батцогт нар нэр дэвшсэн. Мөн Нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга, П.Наранбаяр, П.Ганзориг, төлөөлөгч Д.Пүрэвдаваа нар дэвшсэн юм.