Эвдэрхий гулсуур, түшүүрэггүй савлуураас хүүхдүүд унаж тархиндаа гэмтэл авч байна

0

Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах тоглох эрхтэй. Урин дулааны цаг ирэхэд орон сууц, гэр хорооллын ойр орчмын хуванцар гулсуур, дүүжин савлуур зэрэг нь хүүхэд өнжих талбар болдог. Гэтэл “хүсэхэд хясна” гэгчээр хүүхдээ тоглуулах тоглоомын талбайн эрүүл ахуй, аюулгүй байдал эцэг, эхчүүдийг түгшээх нь цөөнгүй. Өөрөөр хэлбэл, чанар стандартад нийцээгүй, хүрээлэн буй орчин нь бохир тоглоомын талбай нийслэлд олон бий. 

Сүүлийн жилүүдэд олон улсын жишгийг дуурайж янз бүрийн өнгө үзэмж, загвар хийц бүхий тоглоомын талбай барих нь элбэгшсэн. Харин барьж байгуулахын хэрээр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал үргэлж яригддаг. Тэгвэл хүүхдийн тоглоомын талбайн чанар стандарт, эрүүл ахуйн байдал ямар байгааг сурвалжиллаа.

Хүн ам ихээр төвлөрсөн Сонгинохайрхан дүүргийн XI хороонд байрлах хүүхдийн тоглоомын талбайд бид очив.  Уг тоглоомын талбайн гулсуурын хашлага эвдэрснээр хүүхдүүд унаж бэртэх болжээ. Саяхан нэг ойтой хүүхэд унаж толгойгоо шалбалсан талаар нэгэн ээж учирлав. Цаашлаад наад захын тоглоомын талбайн төлөвлөлт  байхгүй. Цементэн гадаргуу, овоорсон хог, дасгал хөдөлгөөн хийхэд зориулагдсан эвдэрхий төмөр хэрэгслүүд, тал талд тарсан шилний  хагархай гээд энэ орчноос  хүүхэд лав аз жаргалыг мэдэрэхгүйн  лавтай. Хүүхдийн тоглоомын талбайн ойролцоох овоолсон хог хаа сайгүй тарж халдварт өвчин гарах үндэс болжээ.

Тоглоомын талбайн ойролцоо нарлан суух бүсгүйчүүд дээр очиж уулзахад ”Энэ хавьдаа цор ганц тоглоомын талбай нь энэ. Олон хүүхэд ирж тоглодог. Бие биеэ өндөр дээрээс түлхэж унагачих гээд хэцүү байдаг юм.. Анх энэ тоглоомын талбайг барихад нэлээн хүн эсэргүүцсэн. Учир нь үерийн далан таглаж барьсан байдаг юм. Энэ хавьд их үер буудаг. Тоглоомын талбай байгуулаагүй байхад ус тогтох нь бага байж. Үүнийг барилаа гээд хүүхдүүд л бэртэж байна. Олон тоглоом байсан ихэнх нь эвдэрч гулсуур л үлдсэн дээ” хэмээн ярьсан юм.

Ингээд тоглоомын талбайд тоглох багачуудтай уулзахад “Гэрийн минь ойролцоо тоглоом байдаггүй. Энэ тоглоомын талбайг зорьж ирээд тоглохоор бас л тоглоом байхгүй. Хайрга, чулуу, шороо зэргээр айл гэр болж тоглодог” гэж байлаа. Ингэхдээ энд тэндээс хог түүж цуглуулахын зэрэгцээ гартаа таарсан бүрээ эвлүүлэн тоглодог байна. Тухайн орчинд тоглоомын талбай байх нь яавч зохицохгүй харагдаж байв. Хажуугаар нь цагаан тоос манарган давхих машинууд, хамар цоргисон өмхий үнэртсэн хогийн жалга гээд тус тоглоомын талбайг тойрсон асуудал мундахгүй олон юм. Хүүхдүүд ч цээрлэх, халгахыг мэдэхгүй байна. СХД-ийн 11-р хорооны удирдлагууд энэ талаар хэлэхдээ, “Одоогоос 10 жилийн өмнө хорооны төсвөөр барьж байсан. Саяхан бид засварлуулахаар дүүрэгт судалгааг нь явуулсан ч хариу ирэхгүй байгаа” хэмээв.

Хүүхдийн тоглоомын талбайд хогийн сав байрлуулснаар гал гарах болжээ

Энэ бол гэр хорооллын алслагдсан бүсэд байрлалтай тоглоомын талбайн нэг. Үүний  адил бас нэгэн тоглоомын талбай Баянзүрх дүүргийн 27-р хороонд бий. Баянзүрх дүүргийн 27-р хороо 11 мянган хүн амтай. Таван тоглоомын талбайтай. Үүнээс хоёр нь хүүхдүүд тоглох нөхцөлгүй болжээ.

Бидний очсон тоглоомын талбай ганц гулсууртай. Өөр тоглоом байхгүй. Харин багачууд саатдаг ганц гулсуур нь хөдөлгөөн орж хэзээ мөдгүй нурж унахад бэлэн байгаагийн зэрэгцээ  хаа нэгтээ хадаас ёрдойж харагдана.  

Б.Ганбилэг: Хүүхдийн тоглоомын талбайн урсгал засварын мөнгө шийдэгддэггүй учраас мууддаг

БЗД-ийн 27-р хорооны Засаг дарга Б.Ганбилэг тус  тоглоомын талбайн талаар хэлэхдээ Нийслэлийн хөрөнгөөр 2022 онд баригдаж байсан. “Есөн мөнх сүлд” компани гүйцэтгэгч нь. Бид гүйцэтгэгч компанид засварлаж өгөх хүсэлтийг гаргасны дагуу хоёр талд нь тулаас мод хадаж аргалсан байна лээ. Үндсэндээ хүүхдийн тоглоомын талбайн урсгал засварын мөнгө байхгүй учраас ихээр хуучирч, эвдэрч сүйтгэгдэж байгаа юм” гэлээ. 

Үүнээс үзэхэд хүүхдийн тоглоомын талбай төлөвлөлтгүй, стандартгүй нь хотын хэмжээнд хөндөгдөж буй асуудал. Төлөвлөлтгүй буруу байршилд хүүхдийн тоглоомын талбайг барьснаас үүдэн галд өртөх эрсдэл хүртэл  гарч байна.

Тухайлбал, Монгол 3-р сургуулийн ойролцоох хүүхдийн тоглоомын талбайд хогийн сав, 4 метрийн өндөртэй саглагар мод байрлах аж. Хогийн саванд дахь хог нь гадуур тарснаар эвгүй үнэртэй хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Мөн тус тоглоомын талбайн ойролцоох модонд хүүхдүүд гардаг гээд асуудал мундахгүй. “Гулсуураар дамжин модонд гарч буй хүүхдүүдэд томчууд буу гэх шаардлагыг тавьдаг. Хэрэв хүүхэд тоглоомын талбай нэртэй энэ газарт тоглож  байгаад модноос унавал хэн хариуцлага хүлээх вэ “ СӨХ-ны дарга Н.Нэргүй халаглана.

Түүнчлэн оршин суугчид хүүхдээ эрүүл аюулгүй орчинд тоглуулахын тулд тоглох орчныг нь цэвэрлэж, мөнгө нийлүүлээд нэмж тоглоом байршуулахаар ярьсан ч байршил нь зохицохгүй байгаа аж. Иймд “Тус тоглоомын талбайг өөр газарт байрлуулж өгвөл оршин суугчид нэгдэн тохижуулж чадна “гэлээ.

Нэг тоглоомын талбайг 30-70 сая төгрөгөөр барьдаг байна  

Үерийн ус тогтдог нам дор газар, автозамын дэргэд гээд гологдол газраа хүүхдэд илүүчилнэ. Харин өөрсдөө том, том талбайгаар нь хашиж аваад байшин барилга барина. Үндсэндээ хогийн цэг дагасан, хөдөлгөөн орж нурах дөхсөн энэ тоглоомын талбайд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах тоглох эрх ноцтойгоор зөрчигдөж байна. ГССҮТ-өөс эмчилгээ үйлчилгээ авсан хүүхдийн 70 орчим хувь нь тоглоомын талбайд тоглож байх явцдаа гэмтжээ. Тоон мэдээллийг үзвэл,

2022 онд 2453, 2023 онд 2000,  2024 он гарсаар 60 хүүхэд тоглоомын талбайд унаж гавал тархи болон мөчдийн хугаралтай ирдэг байна.

Хүүхдийг эрэмдэг болгож буй тоглоомын талбайн төсөвт өртөг 30-100 сая төгрөгөөр хэмжигдэнэ. Төлөвлөлт нь ганц гулсуур, хоёр савлуур, томчуудын дасгал хөдөлгөөн хийхэд зориулагдсан төмөр хэрэгсэл. Манай улсаас өөр хаана ч хүүхдийн тоглоомын талбайн ийм төлөвлөлттэй байхгүй нь лавтай.

Тоглоомын талбайд байрлуулсан дасгал хөдөлгөөн хийх зориулалттай төмрүүдийн үндсэн хэрэглэгч нь хүүхдүүд.

Үүнд хүүхдүүд хөлөө хавчуулж, бэртэл авсан тохиолдол цөөнгүй гэнэ. Хүн амын төвлөрөл  ихтэй манай хотод  1553 тоглоомын талбай байгаагаас 613 нь стандартад тавигдсан шаардлагад 70 хувь нийцдэг. Харин үлдсэн 940 тоглоом стандартад огт нийцдэггүй  буюу хүүхдэд ээлгүй байна. Иймд хогийн цэгтэй толгой холбосон хүүхдийн тоглоомын талбайд хараа хяналт тавьж , чанар стандартыг мөрдүүлэхгүй бол утгаа алдах нь байна. Хүүхдийн тоглоомын талбайд хүнийрхэж хандаад байвал олон багачууд эрүүл мэнд, бие махбодоороо хохирно

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *