Түрээслүүлэгчид ДААМ гарч ганц бие хүнд байр түрээслэхгүй гэх болжээ

0

“Хотын төвд хагас тавилгатай хоёр өрөө байр түрээсэлнэ. Сарын 1.2 сая төгрөг. Төлбөрийн нөхцөл 3+1” гэх зарын дагуу утас цохив.

Сайн байна уу. Зарын дагуу ярьж байна. Байр нь байгаа юу ?

-Байгаа. Ажил тараад ирээд үзэж болно. Ингэхэд хэдүүлээ вэ

-Ганцаараа

-Тэгвэл дэмий байх. Манайх гэр бүлийн хүмүүсийг удаан хугацаанд суулгах сонирхолтой байгаа. Тэглээ ч төлбөрөө мөн 6+1 нөхцөлөөр авна.

-Ганц бие хүн яагаад болохгүй гэж. Та зар дээрээ 3+1 гэж бичсэн байсан шүү дээ.

-Ганц бие хүн байранд архидаж, шоудаад дэмий биз дээ гэсээр утсаа салгав. Өөр хэд, хэдэн зарын дагуу залгаж үзтэл бүгд л ганц бие хүнд байр түрээслэх сонирхолгүй байгаа нь ярианы өнгөнөөс нь илт. Түрээслэгчид хүүхэдгүй хос гэвэл ихэд нааштай хандана. Ингэхдээ байр үзэхээр ирэхдээ эхнэр, нөхөр хоёрыг хамт ирэхийг түрээслэгчид шаардах болжээ.

Үүнээс гадна нийгэмд ганц бие гэхээр шоучин, хөнгөн гэх хэвшмэл ойлголт амь бөхтэй байсаар байгаа нь даан ч харамсалтай.

Албан бус статистикаар зөвхөн орон сууц эзэмшдэг 384 мянган иргэн байдгаас 3-аас дээш орон сууцтай, жилээс дээш хугацаанд эзэмшсэн 12.000 гаруй иргэн байдаг гэжээ.

Өнөөдөр түрээсийн байранд 300 гаруй мянган өрх амьдарч байна. Түрээсийн зах зээлд л гэхэд жилд дунджаар 3.6 их наяд төгрөг эргэлдэж байгаа нь манай ДНБ-ий 10 гаруй хувьтай тэнцэх мөнгөн дүн юм.

Төрд ямар ч татвар төлдөггүй, сардаа хэдэн арван саяын цэвэр ашиг олдог хүмүүс бол төрөл бүрийн түрээслэгчид. Тэд төрд сохор зоос ч төлдөггүй хэрнээ үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнэ ханшийг тэд тодорхойлсоор олон жил өнгөрчээ. Хичээл сургууль амарсан ч түрээслэгчид ханшаа буулгасангүй. Нийслэл хотод нэг өрөө тавилгагүй байрны түрээсийн дундаж үнэ 1 сая төгрөгөөс 1.2 сая төгрөгийн хооронд байна. Энэ нь Дөлгөөн нуур, 100 айл хавиар хоёр өрөө хагас тавилгатай байрны үнэтэй дүйцэж байгаа юм.

Байршил нь төв рүү дөхөх тусам засвар хийгдээгүй, дусаал гоожсон 1 өрөө байраа хүртэл 1.2 саяар үнэлэх аж.

Нэг өрхийн сарын дундаж орлого 1.2 сая төгрөг гэж бодъё. Гэтэл хотын зах буюу Сонгинохайрхан дүүрэгт нэг өрөө байр 650 мянган төгрөг байгаа бол Сүхбаатар дүүрэгт 1.2-1.5 сая төгрөг байх жишээний. Иймэрхүү түрээстэй байгаа нь Үндэсний статистикийн хорооноос зарласан сарын дундаж 1.4 сая төгрөгтэй дүйж, бор зүрхээрээ зүтгэж яваа “жинхэнэ” дундаж цалинтай иргэдийн нэг сарын цалингаас хамаагүй илүү гарч байна. Залуус цалингаа байрны түрээсэнд өгөөд гэдэс хоосон ч орох оронтой явах сонголтыг хийж байна.

“Ажлаад л байдаг ажлаад л байдаг. Цалин гэж өчүүхэн юм авна. Түүгээрээ дараагийн цалин буутал амь залгуулаад дуусна. Хурааж хуримтлуулах, аялж зугаалах, амьдралаас таашаал авах боломж Монголд үнэндээ л алга. Тиймдээ ч Монголд хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөж амьдарсаар залхсан залуус харь орныг зорьж байгаа биз.

Түрээслэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг УИХ батлаагүй

УИХ-ын гишүүн асан Г.Уянга 2016 онд Түрээслэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулсан ч харамсалтай нь УИХ-аар батлуулж чадаагүй юм.

Тэрбээр “Энэ хуулийг батлах сонирхол үнэндээ УИХ-д байгаагүй. Яагаад гэвэл үл хөдлөх хөрөнгө түрээсэлдэг, түрээсээс татваргүй сул орлого олдог хөрөнгөтнүүд хууль тогтоох байгууллагад маш олон байдгийг би бас анзаараагүй байсан юм билээ” гэж байв.

Уг хуулиар үнэ тогтоох тодорхой аргачлалыг тусгасан буюу түрээслэгч болон түрээслүүлэгчийн “гүүдвилл” буюу үл хөдлөх хөрөнгөд талуудын оруулсан үнэ цэнийг гэрээнд тусгахаар заасан байжээ. Хоёр тал шууд нүүр тулахгүй дундын зуучлагч буюу түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалдаг холбоогоор дамжуулж түрээслэгчийн эрх ашгийг түрээслүүлэгчийн өмнө хамгаалдаг байх, түрээсийн даатгал болон барьцааны тухай мөн тусгасан. Бүх түрээслэгчээс барьцаа мөнгө авдаг боловч түүний хүү түрээслэгчид очдоггүй, ямар ч гэрээ хэлэлцээргүйгээр түрээслүүлэгчийн ашиг болдог шударга биш байдлыг цэгцлэхээр тусгасан байв.

Уг хууль нь өнөөдрийг хүртэл түрээсийн харилцаа болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн асуудлуудыг зохицуулах эхлэл, суурь хууль нь болох учиртай байсан юм

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *