Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!

0

Гадаадад нийтдээ 197 мянган орчим монгол  амьдардаг гэсэн статистик байна. Тэдний 83 хувь нь сонгуулийн насныхан. Харамсалтай нь, тэднээс 3-6 хувь нь Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлдэг.

УИХ-ын парламентын ес дэх удаагийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Сонгуулийн санал хураалть 14 хоногийн дараа буюу зургадугаар сарын 28-нд болно.

Энэ удаагийн сонгууль олон зүйлээрээ онцлогтой болж байна. Нэгд, 128 гишүүн сонгоно. Хоёрт, тэдний 48 нь жагсаалтаас, 78 нь тойргоос орж ирнэ. Гуравт, бүсчилсэн 13-т сонгуулийн өрсөлдөөн өрнөнө. Дөрөвт, гадаадад байгаа иргэд саналаа өгнө. Тэд зөвхөн нам эсвлийн нэрийг дугуйлна. Тавд, иргэд нэр дэвшигчдээс гадна нам дугуйлна. Нэг тойрогт нэг намаас 78 хүн өрсөлдөж байгаа тул арай илүү хугацаа шаардагдана. Зургаад, анх удаа Баасан гаригт сонгуулийн санал хураалт өрнөнө. Тиймээс гадаад, дотоодгүй сонгуулийн санал хураалтдаа идэвхтэй оролцох ёстой.

Гадаадаас, компьютерийн араас эх орноо гоочилж суудаг монгол олон. Тэдэнд эх орныхоо хөгжил дэвшилж оролцох боломж энэ удаагийн сонгуулиар олдож байна. Төрийн бодлогыг өөрчлөхөд оролцож, Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлэх нь амьдарч байгаа газраасаа эс шалтгаалаад монголчууд бидний үүрэг.

Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс зургадугаар сарын 20-23-нд санал авахаар  тогтоосон. Тиймээс иргэд дээрх дөрвөн өдрийн аль нэгд саналаа өгөхдөө өөрийн суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн газар буюу салбар комисст зургадугаар сарын 15-наас өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргах аж. Зөвхөн бүртгүүлээд зогсохгүй бүртгэгдсэн эсэхээ шалгана. Улмаар дээр дурдсан дөрвөн өдрийн аль нэгэнд цагаар 07:00-22:00 цаг хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд иргэний үнэмлэх, эсвэл үндэсний гадаад паспортыг авч очин саналаа өгнө. Ингэхдээ тухайн улсынхаа цагаар тооцох учиртай юм. Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисс санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн дугтуйтай саналын хуудсыг төв комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсаас ирсэн саналын хуудсыг өөрийн байранд зургадугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас эхлэн тоолох үйл ажиллагааг зохион байгуулах аж.

Харамсалтай нь, өнөөдрийн байдлаар 34 улсаас 10 мянган хүн саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Энэ гадаадад амьдарч байгаа 197 мянга гаруй хүний ердөө 10 хувь ч хүрэхгүй хүмүүс  Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлэхээр хүсэлтээ өгсөн гэсэн үг.

Тодруулбал, АНУ-д 40.1 мянган иргэн, Европын холбооны улсуудад 43.7 мянга, БНСУ-д 50 мянга, Японд 16 мянга, Австралид 7 мянган Монголын иргэн амьдардаг гэсэн статистик байна. Тэдэнд Монголын улс төр хамаагүй байж болох ч Монголын улс төрд тэдний оролцоо маш чухал байгаа. Тиймээс Монголдоо үлдсэн ээж аав, эхнэр хүүхэд, ах дүүсээ бодоод ч болтугай улс төрийн сонгуульд идэвхтэй оролцох шаардлага тулгарч буй.

Эх орныхоо хөгжил дэвшилд хушуу нэмэхээс илүү хуруу нэмэрлэх нь чухал. Үндсэндээ, Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлж сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Иргэн хүний үүргээ биелүүлж, сонгуульдаа оролцохгүй бол та эрхээ нэхэх ч эрхгүй болж мэднэ. Иймээс энэ удаагийн сонгуульд гадаадад амьдарч байгаа иргэд идэхтэй оролцох нь улс орны хувь заяанд  нэн чухал байна. Нөгөө талаасаа залуус сонгуульдаа өглөө эртлэн оролцож байж өөрсдийнхөө амьдралд өөрчлөлт авчирна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *