Голомтоо сахиж хоцорсон “ГУНИГТ“ нүүдэлчин

0

Б.Буянтогтох 30 гарсан ч одоо хүртэл хүртэл ганц бие. Төрөлх говь нутагтаа хөгшин настай аав ээжийн хамт мал маллан амьдарч буй. Ах эгч, дүү нар нь төв суурин бараадсан тул голомтоо сахиж үлджээ. 70 нас гарсан аав ээж нь “Хүнтэй суу, хот бараад, амьдралаа бод” гэх болж. Захиас гэж хэлж болохоор энэ үгийг нь заримдаа бодохоос хэтрэхгүй “Одоо ч хүнтэй суухаас өнгөрсөн” гэж тэр ярьж байлаа. Эргэн тойронд нь хань болох эмэгтэйгүй болжээ.

Тэрбээр “Манай нутгийн охид, эмэгтэйчүүд бүгд л төв суурин, зарим нь Улаанбаатар хот бараадсан. Хань ижилтэй болмоор байвч танилцах эмэгтэй байхгүй шүү дээ. Тэгэхээр би хэнтэйгээ суух билээ” гэж байлаа. Энэ залуу бол нутагтаа хаягдсан хэдэн зуун ганц бие малчны төлөөлөл юм. Бас голомтоо сахиж хоцорсон “гунигт нүүдэлчин”.

ҮЕИЙН ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ ТӨВ СУУРИН БАРААДАЖ ЭРЧҮҮД НЬ УУРХАЙ ДАГАЖЭЭ

Үеийн найзууд нь уурхай дагаж, хот явж амьдрал зохиожээ. Харин Б.Буянтогтох малчин болохоор шийдсэн. Уг нь мал дагаснаас уурхайд ажиллах нь өндөр цалинтай бас хамт олон, найз нөхөдтэй болох, сэтгэлд таалагдсан эмэгтэйтэй ч танилцана… Өөрийгөө бодвол өмнө нь олон боломж байгаа юм шиг. Гэвч өндөр нас гарч яваа аав ээжийгээ харахад мал хариулахад өөдөсхөн биед нь ахдах ажил болсон мэт. Ингээд л тэр буйраа сахиж малчин болохоор бүүр шийдсэн гээд санаа алдав. Энэ тухай “Миний таньдаг мэддэг хүмүүс, найзууд маань ихэнх нь уурхай дагаж эндээс явсан. Өндөр цалинтай юм билээ. Зарим нь ч Улаанбаатар явлаа. Өнгөрсөн зуднаар хань болдог байсан хэдэн найз Улаанбаатарт очиж ажиллаж амьдрахаас өөр аргагүй болсон. Зуданд хамаг мал нь уруудсан болохоор яаж ч амьдрах билээ” гэв. Харин түүний хувьд зудын гамшигт золоор хот нь харлаагүй. Гэвч хүндхэн өвөл, хаврыг арайхийн давж сая л нуруу тэнийж байгаагаа ярьсан. Тэрбээр “Манайх 500 гаруй малтай. Өнгөрсөн зуднаар малын хорогдол гараагүй. Өмнө нь өвс тэжээлээ хурааж, хашаа хороогоо сайтар бэлдсэн байсан болохоор айхтар зутарсангүй. Харин малчдын зээлийн хүүг тэглэнэ гэж байсан. Боломж байвал тэглүүлэх хүсэлтэй байна” гэсэн юм.

ТӨРСӨН ЦАГААСАА ХОЙШ УЛААНБААТАР ХОТ ОРЖ, ХИЛ ГАРЖ ҮЗЭЭГҮЙ

Залуу малчин Б.Буянтогтох Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул юм. Тэр малчны хотод төрж өссөн цагаасаа Их зохиолч Д.Нацагдоржийн алдарт зохиол “Хуучин хүү” шиг нутгаасаа холдож үзээгүй. Аймгийнхаа төв Даланзадгад руу хааяа орж ойр зуурын хэрэгцээгээ болгохоос өөр түүнд Улаанбаатар хот орох шаардлага, шалтгаан ч гараагүй гэнэ. Тэрбээр “Төрсөн цагаасаа хойш Улаанбаатар орж үзээгүй. Цаашид ч орох шаардлагагүй байх. Хааяа сошиалаас нийслэлийг харахад хэт их барилгажсан, бас түгжрэл ихтэй асуудал дүүрэн юм шиг санагдсан. Хотод амьдрах гэж зовж байхаар эндээ хэдэн малаа дагасан минь амар тайван биз дээ” гэсэн юм. Бас урд хөрш Шивээхүрэн боомттой ойрхон ч Улаанбаатартай адил хил гарах ч шаардлага гараагүй өнөөдрийг хүрчээ.

НҮҮДЛИЙН АХУЙ СОЁЛ АЛДАГДАЖ СУУРИН БОЛЖ БАЙНА…

Тэр бол нүүдлийн соёл, мал аж хуйг өвлөж хоцорч буй Монголын залгамж халаа. Харамсалтай нь, хөдөөгүүр явахад малчид адууныхаа оронд улаан мотоцикль хөлөглөж тоос татуулах нь нийтлэг үзэгдэл болсоор аль хэдийнэ дасал болжээ. Айл гэрийн гадна нэг улаан мотоцикль бас prius автомашин харагдах. Үүний адил Б.Буянтогтохынх ч бас айл бүрт байдаг унаатай. Түүнээс нүүдлийн соёл ахуй өнөөдөр ямар байгааг сонирхвол “Миний багад байдаг шиг малдаа мориор явж, өвөлжөө хаваржаа гэж нүүж явдаг нүүдлийн соёл уламжлал, ахуй соёл алдагдаад удсан шүү дээ. Илүү суурин амьдралтай болсон болохоор нүүдлийн ахуй соёл одоо ч бараг мартагдаж байна. Ер нь айл болгон л хажуудаа байшин барихыг зорьдог болсон. Бас малдаа мориор явахгүй, мотоцикльтой явах нь амар, хурдан байдаг юм” гэж товчхон хэлсэн юм.

Түүний төрж өссөн нутаг говь хангай хосолсон байгалийн үзэсгэлэнт цогцолбор. Бас Монголын эдийн засгийг тэжээж буй гол судас нь болоод олон жил өнгөрч байна. Товчхондоо уул уурхай дагасан энэ бүс нутагт байгалийн онгон дагшин байдал алдагдаж хүний хөл, машины тоосонд талхлагдсан нь сэтгэлд хөндүүр гуниг төрүүлэв. Уул уурхайн бүс нутаг гэгдэх болсон Өмнөговийн малчин айл, Монгол малчны өнөөгийн төрх ийм дүр зурагтай байна. Бид өмнийн говиос Улаанбаатарыг зорихдоо Даланзадгад хотод түр саатахдаа Б.Буянтогтохтой танилцаж цөөн хором ярилцсан нь энэ юм.

Үргэлжлэл бий

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *