Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар Парисын Олимпод хэсэг толгойлж барилдана

0

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Унгарт болсон олимпын чансааны тэмцээний дараа Парисын олимпын наадмын өмнөх сүүлийн чансаагаа гаргалаа. Энэ чансаагаар Парист хэсэг толгойлох бөхчүүдийн нэрс тодорхой болох юм. Чансааны нэг болон дөрөвт эрэмбэтэй бөхчүүд дээд хэсэгт орж, хагас шигшээ хүртэл хоорондоо таарахгүй гэсэн үг.

Шинэ чансаагаар 65 кг-ын жинд эрхээ авсан гавьяат тамирчин Т.Тулга 25 дугаарт эрэмбэлэгдсэн бол 86 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Бат-Эрдэнэ 13 дугаарт жагслаа. Харин 125 кг-д гавьяат тамирчин М.Лхагвагэрэл дэлхийн чансаанд эрэмбэлэгдсэн 70 тамирчны тоонд багтсангүй.

Чансаанд олимпод оролцох эсэх нь шийдэгдээгүй байгаа ОХУ-ын Завур Угуев (57 кг), Заурбек Сидаков (74 кг), Абдулрашид Садулаев (97 кг) нарыг ч багтаасан байна. Хэрэв олимпод оролцвол хэсэг толгойлох бөгөөд эцсийн шийдвэр энэ сарын 20-нд гарах аж. 

Тэгвэл олимпын наадамд зодоглох манай таван эмэгтэй тамирчнаас  хоёр нь дэлхийн чансааны дэд байрт жагслаа. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа нар хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. Түүнчлэн 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон 13-т бичигдэв. Харин 53 кг-д Б.Хулан, 76 кг-д Э.Даваанасан нар эрэмбэд багтсангүй. Э.Даваанасангийн хувьд үндсэн жин буюу 72 кг-д гуравдугаарт жагссан юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *