М.Бадарч 25 мянган ам.долларын төлбөртэй олон улсын арбитрт ханджээ
Цолоо хураалгаж, Улсын гарьд болоод буй М.Бадарч Олон улсын спортын арбитрт ханджээ. Өмнө нь Монголдоо спортын арбитрт хандсан ч түүнийг “допинг хэрэглэсэн нь үнэн” гэж шийдвэрлэсэн.
Тэгвэл, М.Бадарч зургадугаар сарын 10-ны өдөр “The Court of Arbitration for Sport” буюу Щвейцарьт төвтэй олон улсын спортын арбитрын шүүхэд хүсэлтээ явуулжээ.
Уг хүсэлтэд М.Бадарч “шинжилгээний хариу буруу” гарсан буюу “допинг хэрэглээгүй” гэдэг үндэсэл бичээгүй байна. Харин процесс алдаатай явагдсан байх магадлалтай хэмээн үзэж буйгаа онцолжээ. Өмнөх удаа дотоодын арбитрт хандахдаа ч мөн ийм үндэслэл бичсэн.
Хамгийн сүүлд гэрч гэх этгээд М.Бадарчид панангин өгсөн, М.Бадарч түүнийг нь барилдааны өмнө андуурч уусан хэмээх үйл явдал өрнөсөн билээ. Харин Допингийн эсрэг үндэсний төвөөс, М.Бадарчаас тарилга бүхий сэргээшийн төрлийн бодис илэрсэн, панангин биш гэдгийг удаа дараа тодотгож байгаа.
Харин Олон улсын спортын арбитрын шүүхээс М.Бадарчид “Материал дутуу байна. Зургадугаар сарын 20-ны дотор гүйцээн хангаж, ирүүлнэ” гэсэн хариу өгчээ.
Дашрамд хэлэхэд, олон улсын арбитрт хандах зардал дунджаар 25 мянган ам.доллар бөгөөд энэ нь 90 орчим сая төгрөг юм. М.Бадарч энэ зардлыг хувиасаа гаргана.
Хүсэлтийг доор хавсаргав.