МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА С.АМАРСАЙХАН УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБТ АЖИЛЛАЛАА
Төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар эрс сэрүүсэх төлөвтэй байгаа тул Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр (2024.06.20) УОК-ын Шуурхай штабт ажиллаж, үер усны гамшгаас сэргийлэх бэлэн байдлын удирдамж, чиглэлийг бүх шатны төрийн байгууллагууд хэрхэн хангаж ажиллаж буйд хяналт шалгалт хийж, аймаг, нийслэл, орон нутгийн байгууллагуудтай цахимаар хуралдан шуурхай үүрэг даалгаврыг өглөө.
Шадар сайд С.Амарсайхан “Үргэлжилсэн усархаг, хүйтэн борооны улмаас гол усны түвшин нэмэгдэх, ноосолсон хонь мал осгох, шуурганд уруудсан малынхаа хойноос явж хүн эрсдэх гэх мэт аливаа аюул эрсдэлээс сэргийлж хаана хаанаа болгоомжтой байх нь чухал. Сонгууль болдгоороо болоод дуусна. Ажил, амьдрал цааш үргэлжилнэ. Байгалийн гамшиг, үер усны аюул эрсдэлийг тооцоолж, бүх шатны төрийн байгууллагууд бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, урьдчилан сэргийлэх зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй” хэмээн санууллаа.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр Хэнтийн нуруу, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт сум, Багануур, Налайх дүүрэг, Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үдээс хойш цас үргэлжлэн орж, ургац хөлдөх эрсдэл үүсэх эрсдэлтэй байна.
Өнөө шөнөдөө Сэлэнгийн Хүдэр сумын нутагт Хэнтий нурууны орчимд хуримтлагдах цасны хэмжээ 5-10 см, Улаанбаатар хотын хойд зуслангууд, Гачуурт, Тэрэлжийн орчмоор 5 см зузаан цас орж, Улаанбаатар хот орчимд уулаараа хасах хэмд хүрч, шөнөдөө хальтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байна.
Тиймээс хол, ойрын замд гарахгүй байх, дулаан хувцаслах, хувийн болон өрхийн бэлэн байдлыг хангах, зуслангийн айл, өрхүүд галлагаа хийх, амарч, зугаалгаар явж байгаа иргэд, аялагчид дулаан байранд хонохыг зөвлөж байна.