“Хүний амь нас хөнөөсөн” хэрэгт яллагдагчаар татагдаад буй А.Ишдорж Өвөрхангай аймгийн МАН-ын сонгуулийн штабыг удирдаж байгаа ажээ
Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хөнөөсөн хэргээр яллагдагчаар татагдаад буй А.Ишдорж нь Өвөрхангай аймгийн Засаг даргын албан тушаалаа хүлээлгэн өгсөн ч Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны даргын албан үүргээ өгөөгүй байгаа аж. Тодруулбал,А.Ишдорж нь өдгөө Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж, тус аймгийн сонгуулийн штабыг удирдаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэдгийг иргэд шүүмжилж байна.
-А.ИШДОРЖИД ХОЛБОГДОХ ХЭРЭГТ НЭМЭЛТ АЖИЛЛАГАА ХИЙГДЭЖ БАЙНА-
Учир нь Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдорж нь 2023 оны наймдугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө /2023.08.10-11/ Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа явган зорчигч 57 настай, эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн юм. Улмаар прокурорын газраас түүнийг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж, явган зорчигч мөргөж, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Харин Өвөрхангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн шүүх тус хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалт явуулж, шинжилгээний дүгнэлт гаргуулахаар прокурорт буцаасан бөгөөд өдгөө Тээврийн цагдаагийн албанд нэмэлт ажиллагаа хийгдэж байгаа юм.
Гэтэл зам тээврийн ослоор хүний амь нас хөнөөж, хэрэг нь шүүхээр эцэслэгдээгүй хүн өнөөдөр аймгийнхаа МАН-ын сонгуулийн штабыг удирдаж байгаа нь ёс зүйгүй, ард иргэдийг доромжилж байгаа үйлдэл. Магадгүй Өвөрхангай аймгийн МАН удирдлагадаа хариуцлага тооцож чадахгүй байгаагаас Өвөрхангай аймгийн Сант суманд хүн амины хэрэг гарсан байхыг үгүйсгэхгүй хэмээж байна.
-Г.САЙХАНБАЯРЫН УХУУЛАГЧ ХҮНИЙ АМЬ НАС ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН УЧИР НЭР ДЭВШИГЧЭЭС ЭРГҮҮЛЭН ТАТАЖ БУЙГАА МЭДЭГДЭВ-
Тэгвэл Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт тус сумын АН-ын дарга Б.Баянмөнх нь МАН-ын нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар гэгчид зодуулж амиа алдсан хэрэг өнгөрөгч Бямба гараг /2024.06.15/-т гарсан билээ. Улмаар УИХ-ын 1-р тойрог нэр дэвшиж буй Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татаж байгааг МАН-аас мэдэгдсэн. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэхдээ, “Өвөрхангай аймгийн Сант суманд эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт хэрэг явдал гарсанд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн П.Отгонбаатар нь УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан тул Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэрийг Монгол Ардын Намын сонгуулийн штаб гаргасан болно” хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч МАН-ын нэр дэвшигч Г.Сайханбаяр нь өнөөдрийг хүртэл сонгуулийн сурталчилгаагаа явуулсаар байгаа юм.
-А.ИШДОРЖИД 5 ХҮРТЭЛ ЖИЛИЙН ЯЛ ТӨЛӨВЛӨЖЭЭ-
Ташрамд өгүүлэхэд,Өвөрхангай аймгийн МАН-ын дарга А.Ишдоржид прокурорын төлөвлөсөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд, “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Эх сурвалж: isee.mn