“Малыш” Б.Энхтүвшин гэртээ нас барсан байдалтай олдсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ
“Малыш” нэрээр олонд танигдсан, Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг гэх Б.Энхтүвшин нь гэртээ нас барсан байдалтай олджээ.
Тодруулбал,Б.Энхтүвшин нь энэ сарын 18-ны /2024.06.18/ өдөр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах гэртээ гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байдалтай олдсон байна. Тиймээс түүний үхлийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Ташрамд өгүүлэхэд,Малыш Б.Энхтүвшин нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсантай 23 дугаар сургуулийг хамт төгсөж, хамт ОХУ-д суралцаж, хамт ажиллаж байсан нэгэн гэдэг. Тэрбээр С.Зориг агсны хэргийн талаар “Хүний ойр дотнын хүнээс л хэргийг хайдаг гаргалгаа байдаг. Тэр хавьцаа л хайна. Хэрэг илэрсэн гэж би олон жилийн өмнө хэлсэн. Намайг гүйцэтгэх ажиллагаан дээр суугаач гэж гуйсан. Надад шууд харагдсан. Эхнэртэй нь хэн ойрхон байв, тэндээс л эхэлнэ” хэмээн ярьсан байдаг юм.