Нам, эвслийн жагсаалт гэж юу вэ? Тэд хэрхэн УИХ-ын гишүүн болж сонгогдох вэ?

0

Шантармаар санагдвал жагсаалтын 48 дүгээрт байгаа хүмүүсээс урам аваарай гэдэг хошигнол хүртэл гарчээ.

Үндсэн хуульд өөрчлөлт орсноор УИХ 126 гишүүнтэй болно гэдгээрээ энэ сонгууль онцлогтой. Дахиад ч нэг онцлог бий. 126 гишүүнийг сонгохын тулд бид сонгуулийн холимог тогтолцоогоор санал өгнө.

Санал өгөх байранд очиход танд саналын 2 хуудас өгнө. Эхнийх нь тойргоос нэр дэвшигчийн нэрийг дугуйлах хуудас байна. Үүнийг бид сайн мэднэ.

Харин хоёр дахь хуудаснаас та хүний нэр дугуйлахгүй. Зөвхөн дэмждэг нам, эвслийнхээ нэрийг л дугуйлна.

Өөрөөр хэлбэл нийт гишүүдийн 78-ыг нь тойрогт нэр дэвшигчдээс сонгоно. Үлдсэн 48-ыг нам, эвслүүдийн биднээс авсан дэмжлэгийг хувь тэнцүүлж, жагсаалтын эхэнд бичигдсэн нэр дэвшигчид УИХ-ын гишүүн болно.

Энэхүү 48 суудлыг 100 хувь гэж тооцож бодохыг хувь тэнцүүлэх арга гэнэ.

Энэ жилийн сонгуульд оролцохоор 23 нам, 2 эвсэл өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлсэн. Олон нам эвсэл байх тусмаа бидний санал олон нам, эвсэл рүү хуваагдана гэсэн үг. Нэг нам эсвэл  эсвэл нийт сонгогчдын 100 хувийн дэмжлэгийг авах боломжгүй. Тэгсэн ч жагсаалтын 48 дүгээрт бичигдсэн нэр дэвшигч итгэл үнэмшлээр дүүрэн нэгэн юм гэж ярьцгааж байна.

УИХ-ын 48 суудлыг 100 хувь гэж тооцвол 2,08333333 хувь нь 1 суудал болно гэсэн үг. Тэгвэл энэ хувьд л хүрчихвэл нам бүр жагсаалтын эхэнд бичигдсэн нэр дэвшигчдийг парламентын гишүүн болгоно гэж ойлгохоор байгаа биз. Гэхдээ үгүй. Нам, эвслүүд босго оноог давах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл нам бол 4 хувийн, хоёр нам эвссэн бол 5 хувийн, гурав болон түүнээс олон нам эвссэн бол 7 хувийн босго дэмжлэгийг авснаар парламентын гишүүний суудалтай болох эрх нээгдэнэ гэсэн үг.  Хэрэв босго давахгүй бол УИХ-д суудалгүй.

Энэ удаагийн сонгуульд гурван намын эвсэл байхгүй. Хоёр намаас бүрдсэн хоёр эвсэл бий.

Жишээ нь нэг нам нийт сонгогчдын 3  хувийн дэмжлэг авлаа гэе. Тэгвэл босго оноондоо хүрэхгүй. Тиймээс тэдний авсан 3 хувийн дэмжлэгийг бусад босго оноогоо давсан намуудад эн тэнцүү хуваарилна. Ингэснээр эцсийн дүн гарч, босго давсан нам, эвслүүд УИХ-д суудалтай болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *