ХЭҮК: Б.Ганхуяг 2023 онд нийт 5 удаа гомдол, мэдээлэл ирүүлсэн. Түүний мэдээллийг задруулах боломжгүй
ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг өчигдөр мэдээлэл хийх үеэр “Б.Ганхуяг нь хэн нэгэн этгээдэд хандаж ямар нэгэн өргөдөл, ил захидал илгээгээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Энэ нийтэлсэн захидлын хувьд 2023 оны 12 дугаар сард ХЭҮК-т гаргасан захидлын зургийг ашиглан Улсын дээд шүүхэд захидал илгээсэн мэтээр худал мэдээлэл сайтуудад нийтлэгдэж байна. Сонгуультай холбоотойгоор ийм төрлийн худал мэдээлэл гаргаж буйд харамсаж байна” гэсэн.
Түүнчлэн Б.Ганхуягийн захидлыг ХЭҮК задалсан гэх мэдээлэл тархаад буй.
Тэгвэл уг асуудлаар ХҮЭК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цагдан хоригдож байсан иргэн Б.Ганхуягаас ХЭҮК-т 2023 онд нийт таван удаа гомдол, мэдээлэл ирүүлсэн. Хамгийн анх 2023 оны есдүгээр сарын 14-нд манайд хандсан. Олон нийтэд цацагдаад байгаа тэрхүү мэдээлэл нь 2023 оны есдүгээр сарын 13-ных. Манайд маргааш нь хорих ангиас гомдол нь ирж, цахим бүртгэлийн системд бүртгэгдсэн. ХЭҮК-ын зүгээс хүний хувийн мэдээлэл, ялангуяа гомдол гаргаж байгаа хүний хувийн мэдээллийг задруулах боломжгүй” гэв.
Б.Ганхуягийн 2023 оны есдүгээр сарын 13-ны захидалд өгүүлснээр “Б.Ганхуяг өөрийгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зохион байгуулалттай шаардлага, захиалгаар Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүгчийн шийдвэрийн золиос боллоо… Цор ганцаараа улс төрийн хоригдол болж, олон сар хоригдож байгаа” зэргийг тодотгожээ.