Хөгжлийн банкны хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна
Хөгжлийн банкны хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг хэлэлцэх хурал яг одоо /2024.06.27/ Улсын Дээд шүүхэд үргэлжилж байна.
Тус хэргийг зургаадугаар сарын 19-ний өдөр хэлэлцэхээр товлоод байсан ч /2024.06.19/ шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлын материал дутуу зэрэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшилсон юм. Уг хурлын талаар бид эргэн мэдээлэх болно.
Эргэн сануулахад, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 48 хүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Харин Ё.Баатарбилэг Г.Байгалмаа, Г.Цолмон, Ц.Баатарбилэг, Х.Баттулга нарын 32 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оноосон байдаг.
Харин Нийслэлийн Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн нэр бүхий 48 хүнийг цагаатгаж шийдвэрлэснээс Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Ч.Цоожсүрэн, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Цэрэндаваа, Г.Санжмятав, М.Цэлмэг, Ц.Содхүү, Н.Батбаяр, Б.Цолмон, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 27 хүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж,
32 шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоноос шүүгдэгч Л.Аззаяа, Б.Шинэбаатар, Ц.Баярсайхан, Х.Баттулга, Т.Болдмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Я.Батцэцэг, Л.Ням-Очир нарын 10 хүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Сүхболдод холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч хуулийн этгээд болох “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны Харгуй” ХХК-иудыг гэм буруутайд тус тус тооцож ял оногдуулсныг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Г.Батдорж, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж нарыг гэм буруутайд, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК-ийг гэм буруутайд тооцсоныг, мөн “Модун” ХХК“, Комплант” ХХК-нд холбогдох хэргийг хүчингүй болгосныг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Тэгвэл шүүгдэгч Г.Байгалмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Б.Мөнхтөрийн өмгөөлөгч О.Батсүх, С.Магнайсүрэнгийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, Ё.Баатарбилэг, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, М.Баярмагнайгийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, Т.Мөнхтулга, Ц.Баатарбилэг, “НЦВ” ХХК, Б.Чойжилжалбуу нарын өмгөөлөгч Б.Мөнхбат, Б.Чойжилжалбуу, Д.Батбаярын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, Х.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, Ц.Ууганбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Тамир, иргэний хариуцагч “Пи Си Вай” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаа, Б.Махбалын өмгөөлөгч Б.Болдбаатар нарын хүмүүс дээрх магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд хандсан юм.