Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.8 (42.1 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 12.1 их наяд төгрөгт хүрч, 3.6 (42 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ дээрх хугацаанд 10 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Татварын орлого энэ оны эхний 5 сард 11.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.2 (40.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татварын орлого 1.6 (70.4 хувь) их наяд, нэмэгдсэн өртгийн албан татвар 532.7 (30.9 хувь) тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 376.8 (25.4 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 301.6 (21.1 хувь) тэрбум, онцгой албан татвар 152.4 (53.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн хугацаанд татварын орлогын 33.7 хувийг орлогын, 19.9 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 15.3 хувийг нийгмийн даатгалын, 5.8 хувийг гадаад үйл ажиллагааны, 3.9 хувийг онцгой албан татварын орлого, 21.4 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна. Орлогын албан татварын 74.4 хувийг ААНОАТ, 25.6 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлсэн аж.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ дээрх хугацаанд 10 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 (41.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (2 дахин) их наяд, хөрөнгийн зардал 526.1 (56.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Энэ оны эхний 5 сарын байдлаар нийт зардалд урсгал шилжүүлэг 43, бараа үйлчилгээний зардлын эзлэх хувь 34.1, хөрөнгийн зардал 14.8, хүүгийн зардал 5.3, татаас 2.7 хувийг эзэлж байлаа.
Хөрөнгийн зардал мөн хугацаанд 1.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 526.1 (56.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 462.9 (78.5%) тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 42 (27.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин бусад хөрөнгийн зардал 5.6 (3.5 хувь) тэрбум төгрөгөөр буурсан аж.