Б.Пүрэвдорж: “Сөрөг хүчний ажлаа сайн хий” гэж Монголын ард түмэн АН-д итгэл хүлээлгэсэн шүү
2024 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж баруун бүс буюу Ховд,Увс, Завхан, Говь-Алтай аймгийн иргэд, сонгогчдыг ирэх дөрвөн жил парламентад төлөөлөхөөр болсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.
Тэрбээр ” Иргэд, сонгогчид Ардчилсан намыг сөрөг хүчнийнхээ ажлыг хий гэж сонгосон. Тиймээс бид хоорондоо энэ сонгуулийн үр дүнг тодорхой хэмжээнд ярилцах ёстой. Хамтарсан Засагт орох тухай асуудал савнаасаа хальж, маш их яригдаж байна. Манай Ардчилсан намд дарга шийдвэр гаргадаггүй, Үндэсний бодлогын хороогоор шийдвэрлэнэ. Өнгөрсөн сонгуулийн үр дүнг Үндэсний бодлогын хороогоороо ярилцаж, алдаа оноогоо дүгнэх ёстой. Үүний дараа хамтарсан Засгийн газарт орох тухай асуудлыг ярих ёстой. Монголын ард түмэн ус, тосоор нь ялгаад өгсөн. Өнгөрсөн найман жилд эрх баригчид ажил хийлгүй, хулгай хийсэн. Тиймээс энэ эрх баригчдад хатуу хяналт тавьж, сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх сонголтыг хийсэн. Сөрөг хүчнийхээ ажлыг цаашид хийх ёстой. Сөрөг хүчин гэдэг нь байнга эсэргүүцэх бус том төсөл, бодлогын шийдэл дээр дэмжээд явах ёстой. Харин болохгүй бүхэн дээр ард түмний дуу хоолой болж ажиллах ёстой юм. Засгийн газарт хамтрах эсэхээр зөвхөн хэвлэлийн мэдээлэлтэй байна. “Сөрөг хүчний ажлаа сайн хий, Тоо чинь бага байсан байна. Одоо олон болгоод өглөө. Одоо хатуу хяналтаа тавьж ажилла” гэдэг үүргийг Монголын ард түмэнд бидэнд өгсөн гэж ойлгож байна” гэлээ.