Олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцод гарын үсэг зурав
Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд “Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенц”-д Брюссель хотноо өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурав.
Монгол Улс нь энэхүү конвенцыг санаачлагч Аргентин, Бельги, Нидерланд, Словени, Сенегал улстай нягт хамтран ажиллаж иржээ. Конвенцын анхны төслийг Бүгд Найрамдах Словени Улсын Любляна хотноо 2023 онд Дипломат бага хурлаар баталж, эдүгээ тус санаачилгыг дэлхийн 80 гаруй улс дэмжин, конвенцод 35 улс гарын үсэг зураад байгаа юм.
Олон улсын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэхэд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, гэмт этгээд шилжүүлэн өгөх, мэдээлэл солилцоход чиглэсэн энэ конвенц нь Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой олон талт гэрээ гэдгийг Гадаад харилцааны яам мэдээлжээ.