Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын хуралдаанд ажиглагчийн статусаар оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНКаУ-ын Астана хотноо зохион байгуулагдаж байгаа ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн байр сууринаас оролцож байна.
Тодруулбал, Монгол Улс 2004 онд ШХАБ-ын хамгийн анхны ажиглагч орон болж байсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар ШХАБ-т 9 улс бүрэн эрхэт гишүүнээр, 13 улс яриа хэлэлцээний түнш орноор элсээд буй бол Монгол Улс болон Афганистан Улс ажиглагчийн статусаа хадгалж, оролцож буй юм.
Уламжлал ёсоор жил бүр зохион байгуулдаг ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт, хуралдааныг тус байгууллагын гишүүн орнууд ээлжлэн даргалдаг тул энэ удаад БНКаУ албан ёсоор зохион байгуулж буй юм.
Тэгвэл энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар Астанагийн тунхаглал гарч, мөн төрийн тэргүүн нарын зөвлөлөөс 20 шийдвэр, 3 мэдэгдэл гарах аж.
Дашрамд сануулахад, Монгол улсын гадаад бодлогын үндсэн зарчим нь олон тулгуурт, энх тайваныг эрхэмлэсэн, нээлттэй улс байх бөгөөд энэ агуулгаа ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч дахин нотлох юм.
БНКаУ-ын Астана хотноо зохиогдох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Улаанбаатарын цагаар 16 цагт эхэллээ.