УИХ-ын гишүүдийн ураг төрлийн мод

0

Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болж бүл нэмсэн.  Төрийн алба төрлийн алба болж, хууль тогтоох байгууллагад ард түмнийг төлөөлж суух парламентын гишүүдийн холбоо хамаарал өдөр ирэх тусам нэмэгдэж, “цус ойртох” болсон гэдгийг иргэд шүүмжилдэг ч төрд болоод төрийн өндөр албан тушаалд, хууль тогтоох байгууллагад хамаатан саднуудын холбоо хамаарал өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс Ньюс.мн сайт энэ удаа УИХ-ын гишүүдийн ураг төрлийн хамаарал, ургийн модны сүлжээг танилцуулж байна.  


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр

Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Ухнаагийн Отгонбаяр МАН-ын Бага хурлын шийдвэрээр УИХ-ын зургадугаар тойргоос УИХ-ын гишүүн болж сонгогдлоо. Өөрөөр хэлбэл, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн иргэд сонгогчдын итгэлийг хүлээсэн тэрбээр УИХ-ын гишүүний тангараг өргөж, Ерөнхийлөгч ахдаа үнсүүлэв.

Үндсэндээ, Ухнаагийн хүүхдүүд улсдаа хамгийн өндөр төрийн алба хашиж байгаа төрөл садангийн холбоотнууд болж байна. У.Отгонбаярын хувьд хэр улстөрч болох нь өөрөөс нь шалтгаалах байх. Гэхдээ хэзээд ахынх нь нэр шошго болж наалдаж явна гэсэн үг.

У.Отгонбаяр Монгол Улсын их сургууль төгссөн, улс төр судлаач мэргэжилтэй, Австрали улсад бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Төрийн албанд мэргэжилтнээс эхлэн 10 гаруй жил ажилласан туршлагатай. Эхнэр дөрвөн хүүхэдтэй, 46 настай. Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүнээр  ажилладаг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 оны эхээр буюу Ерөнхий сайд болсноосоо гурван сар гаруйн дараа төрсөн дүү У.Отгонбаярыгаа Барилга, хот байгуулалтын яамны газрын даргын албан тушаалаас чөлөөлүүлж байсан түүхтэй. Энэ үед “Ах, дүү хоёр зэрэгцээд төрийн албанд ажиллах нь ашиг сонирхлын зөрчил” гэж үзэн дүүгээ албан тушаалаас нь чөлөөлсөн гэх яриа бий. Тэгвэл ах нь Монгол Улсын Ерөнхийлөгч байхад дүү нь хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын гишүүнээр ажиллах нь ашиг сонирхлын зөрчилд тооцогддоггүй бололтой дог шүү.

2. “Фортуна” Батбаярын охин Б.Жаргалан

Удам дамжсан улстөрчдийн эгнээг Шинэчлэлийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, Чингис бондын автор гэгддэг  “Фортуна” Н.Батбаярын охин Жаргалан үргэлжлүүлж байна.  Тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүнээс дэвшиж холбоогоо тэргүүлэх болоод бүтэн жил ч хүрээгүй байна.  Улстөрийн их давцанд уяа сойлго нь нэгэнт таарвал албан тушаалд амархан хүрч болдог хувь тохиол олон бий. Түүний бодит жишээ бол УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн өмнө Үндсэн хууль болон Улстөрийн нам, сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд  Ардчилсан намын жагсаалтад Ардчилсан эмэгтэйчүүдийн тэргүүний хувиар багтсан Б.Жаргалан ийнхүү парламентын босгыг алхлаа. Тэрбээр, энэ тэгш бус байдлыг арилгах нь манай үеийнхний даалгавар гэж ярьсан удаа бий.

3. Н.Энхбаярын эрх хүү Н.Батшугар

Улстөрчдийн өв залгамжлагчаар нэрлэгдэж байгаа дараагийн хүн бол ааваараа хөтлүүлж яваа Энхбаярын Батшугар. Тэрбээр, Бэнтлигийн их сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн. Америкийн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд банкираас ажлын гараагаа эхэлсэн бол 2012-2016 оны хооронд Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаанд ажилласан туршлагатай.

Түүний улстөрч болгохын тулд аав нь МАХН-аа зарсан. Ямартай ч МАХН-аас анх Сонгинохайрхан дүүрэгт дэвшээд өвдөг шороодсон ч, Д.Сумъяабазарын оронд МАН-аас нөхөн сонгуульд өрсөлдөж, УИХ-ын босгыг давж гишүүн болсон түүхтэй. Хэдийгээр аавынх нь нэр, нөлөө түүнээс хаа холдох билээ, гэхдээ дэлхийн боловсрол эзэмшиж, эдийн засгийн чиглэлээрномын дуу сонсож, ногоотой шөлийг нь уусан юм болохоороо тодорхой хэмжээнд өөрийгөө таниулсан. Улмаар Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж, цахим үндэстэн болох хууль эрх зүйн орчин, өөрчлөлт шинэчлэлтэд гар бие оролцсон. Тэгвэл энэ удаад Сонгинохайрханчуудын итгэлийг хүлээж дахин парламентад суух тийз өвөртлөөд байна.

4. УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн Уянгахишиг

Угтаа 1992 оноос эхлэн Монголын төрийн өндөр албан тушаалаар “гачигдаж” үзээгүй Ардчилсан намын ахмад улстөрч Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг энэ удаагийн парламентад ХҮН намаас нэр дэвшин, орж ирлээ.  Түүнийг улстөрч болох замналыг нь аав заасан байх. Харин замаа өөрөө зассан нь ойлгомжтой, учир нь аавынхаа намыг биш шинэ, гуравдагч хүчинд зүтгэх болсон нь магадгүй эцгийнхээ нэр нөлөөгөөр биш өөрийнхөө хүчээр улс төрд орохыг хүссэнийх биз. Сонгуулийн санал хураалтын дүнд ХҮН нам найман суудал авсан агаад  жагсаалтаар зургаан гишүүн парламентад орж ирсний нэг нь Гончигдоржийн Уянгахишиг. Түүний аав Р.Гончигдорж УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож Монгол Улсын дэд ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга зэрэг албан тушаалыг хашиж байв.

5. Онцгой байдлыг тэргүүлсэн ах дүү хоёр

Шадар сайд С.Амарсайхан 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 13 дугаар тойрог буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшиж, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож байна. Тэрбээр хамгийн бага саналаар, хамгийн бага тойрогт ялалт байгуулсан нь шүүмжлэл дагуулж байна. Учир нь 40-60 мянган хүний санал аваад УИХ-д орж чадаагүй хүмүүс олон бий. Харин С.Амарсайхан 17 мянган хүний саналаар парламентын гишүүн болсон нь бараг шагналын тойрог гэлтэй харагдсан.

Түүний ах С.Отгонбаяр 2004-2008 онд мөн УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайдаар ажиллаж байв. Ах, дүү хоёр Монгол Улсын онцгой байдлын салбарыг тэргүүлсэн анхны тохиолдол байх. Ах нь Онцгой байдлын сайдаар ажиллаж байхад түймэр унтраахаар явж байсан онцгой байдлын 17 ажилтан нисдэг тэрэгтэйгээ осолдож амиа алдсан. Тэгвэл С.Амарсайхан Шадар сайдаар ажиллаж байх үед онцгой байдлын таван ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Энэ эмгэнэлт явдал хариуцлага хүлээх ёстой хүн бол удирдлага, бодлогоор хангаж буй С.Амарсайхан гэж иргэд дургүйцэж, эсэргүүцэж байсан билээ.

6. Аавыхаа хүслийг хүү нь гүйцээв

Азраганы хүрээгүй газар унага нь хүрдэг, аавын чадаагүй хүслийг хүү нь гүйцээдэг гэж үгтэй.  УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгаас УИХ-ын залуу гишүүдийн нэг болж орж ирсэн П.Мөнхтулга. Тэрбээр, МУИС-ийн Олон улсын эдийн засгийн харилцааг бакалавраар, МУИС-ийг Эрхзүйч бакалавраар, “Raffles Institution of Singapore” сургуулийг Санхүүгийн удирдлага, бакалавраар, Удирдлагын академид Төрийн удирдлагын мастер, магистраар, “Loyola Marymount University, EMBA” магистраар тус тус дүүргэжээ.  Тэрбээр, 2020 оны УИХ-ын сонгуулиар Архангай аймагт нэр дэвшиж өвдөг шороодож байсан удаатай. Түүний аав, Ө.Пүрэвбаатар 2014 онд Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” Засгийн газарт Эрчим хүний дэд сайдын албыг хашиж байсан. Удам дамжсан эмч, багш, өмгөөлөгч, хуульч гэх мэт ажил мэргэжилүүд байдаг бол сүүлийн үед удам дамжсан улстөрчидийн тоо нэмэгдэж байна. Түүний бас нэгэн тод илрэл П.Мөнхтулга болж байна.

7. Аав, охин хоёрын хоршил

Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаас Ховд аймгийн Засаг даргаар Ерөнхий сайдын визтэй очсон хүн бол Э.Болормаа. Баруунд боловсрол эзэмшсэн түүнээс ув улаан үзэл суртал “үнэртдэг” нь аргагүй аж. Алим модноосоо хол унадаггүй гэдэг юутай үнэн. “Тооноор орж ирсэн ч төрийн түгжээг тайлна” гэсэн сурталчилгаа  нь олны анхаарлыг татаж шүүмжлэл, магтаалыг зэрэг дагуулсан. Ямартай ч тэрбээр 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентад суух эрх өвөртлөсөн 32 эмэгтэй гишүүний нэг болж чадлаа. Харин аймгийн Засаг даргаас ард түмний элч болтлоо дэвшсэнд аавых нь н нөлөө байсан нь тодорхой.  Түүний аавыг А.Энхбат БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга. Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалд яригдаж байсан ч охин нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажилладаг тул “ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэж үзээд нэрийг нь татаж байсан түүхтэй.

8. Ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх “Апу”-гийн П.Батчимэг

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн төрсөн дүү П.Батчимэг 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН-ын жагсаалтын 12 дугаарт бичигдэн нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болов. П.Батчимэгийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Дорнод аймагт “Хүчтэй урагшилъя” уриатайгаар нэр дэвшиж өвдөг шороодсон.  Энэ удаагийн сонгуульд АН-ын жагсаалтын багагүй мөнгөөр худалдаж авсан гэдэг нь оргүй ч үг биш биз.

Түүний төрсөн ах Ардчилсан намын лидер гишүүдийн нэг П.Батхүү агсан төрийн ордонд нас барсан харамсалтай хэрэг олон нийтийг цочироосон. Гэсэн хэдий ч талийгаачийн ууган хүү Б.Ганхөлөг, төрсөн дүү П.Батчимэг нар түүний улс төрийн үйл хэргийг үргэлжлүүлэхээ мэдэгдэж УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшээд байсан юм. Харин П.Батчимэгийн хувьд ямартай ч  парламентын босгыг энэ удаа ийнхүү давлаа.

9. Ахынхаа амбицийг биелүүлсэн дүү

УИХ-ын нэгдүгээр тойрог буюу Өвөрхангай, Архангай, Баянхонгорийн бүсээс арай гэж адаг сүүл мушгин гишүүн болсон хүн бол  “лайвчин”  Д.Мөнх-Эрдэнийн дүү Д.Цогтбаатар. Тэрбээр ахынхаа ачийг хариулах өртэй үлдэж байна. Учир нь, түүний ах Д.Мөнх-Эрдэнэ өөрөө УИХ-д нэр дэвших амбицтай явсан. Гэвч, авлига, албан тушаалын хэргээр ял авсан тул түүний мөрөөдөл замхарсан. Д.Мөнх-Эрдэнэ Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан. УИХ-ын 2020 оны сонгуулиар АН-ын дэнчинг эсэргүүцэж Баянхонгор аймагт нэр дэвшиж өвдөг шороодсон. Тэгвэл өнгөрсөн хугацаанд ахынхаа ар талыг бат дааж ирсэн дүү Д.Цогтбаатараа улс төрийн давцанд ил гаргаж өөрөө хөшигний араас удирдахаар болж байх шиг. Гэхдээ Д.Цогтбаатарын хувьд ахынхаа ард нуугдах биш, ил гарахаар шийдсэн гэдгээ УИХ-ын гишүүн болоод мэдэгдсэн юм. Цаашид ахан дүүс ямар тоглолт үзүүлэх нь олон хүнд сонирхолтой санагдаж байгаа биз ээ.

10.Ардын багшийн хүү ард түмний элч боллоо

Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир МАН-ын жагсаалтын 15 дугаарт бичигдэн УИХ-ын гишүүн боллоо. Түүний аав Монгол Улсын ардын багш С.Дулам 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Тэр цагаас хойш улс төрийн үйл хэргээс холдож эрдэм номын ажилдаа түлхүү анхаарах болсон түүний үйл хэргийг ийнхүү хүү нь үргэлжлүүлэхээр болж байна.  Д.Бум-Очирын хувьд 1996-1998 онд ХБНГУ-ын Боннын их сургууль болон Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуульд Хэлбичгийн ухааны магистрын зэрэг, 1998-2000 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд Хэлбичгийн ухааны докторын зэрэг, 2000-2001 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Нийгэм-соёлын антропологийн магистрын зэрэг, 2002-2006 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Антропологийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан байна. Ардын багшийн хүү ард түмний элч боллоо

11. Өвөөгийнхөө нэрээр өндөрт хүрсэн А.Ариунзаяа

УИХ-ын ээлжит сонгуульд МАН-ын жагсаалтын 12 дугаарт бичигдэн нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон хүн бол А.Ариункзаяа. Тэрбээр, улс төрийн тавцанд туршлагатай нэгэн. Тухайлбал, 2013-2016 онд МАН-ын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга, 2016-2020 онд Үндэсний статистикийн хорооны дарга,  2020-2022 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр, Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Жасрай гуайн зээ охин юм. Үүнийгээ өөрийнхөө таних тэмдэг болгосон. Сав л хийвэл өвөөгөө ярихын зэрэгцээ өөрийгөө рекламдаж ирсэн түүнийг УИХ-ын шинэхэн дарга Д.Амарбаясгалангийн фракци гэдэг.

13.Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх Ш.Бямбасүрэн

УИХ-ын ээлжит сонгуульд АН-аас зүүн бүсэд ялалт байгуулж аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх эрх өвөртлөсөн хүн бол Ш.Бямбасүрэн. Ерөнхий сайдын дагуулж явсан багатай ана мана үзэлцэж, гарч ирсэн АН-ын ганц ялагч. Улс төрд танигдаагүй шинэ хүн. Цаашид өөрийгөө хэн бэ гэдгээ харуулах чилийсэн 4 жил байна. Тэрбээр Дорнод аймгийн АН-ын дэд дарга, 2020 онд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр давхар сонгогдон ажиллаж байгаа улс төрийн туршлагатай. Англид эдийн засагч мэргэжлээр бакалавр, Австралид бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Түүний аав Т.Шинэбаяр агсан 2008-2012 онд Дорнод аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байсан юм.

14. НИТХ-ын дарга асан Д.Баттулгын бэр Х.Болормаа

Нийслэлийн СБД-ийн Засаг даргаар улиран сонгогдож ажиллаж байсан Х.Болормаа энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнд парламентын босго давж орж ирлээ. Түүний хувьд нийслэлийн хамгийн чадварлаг Засаг дарга гэх сайшаал хүртэж явсан. Ямартай ч тойрог томорсон амаргүй сонгуульд тойргоосоо тэр гарч ирж чадлаа. Тэрбээр, НИТХ-ын даргаар 2012-2016 онд ажиллаж байсан АН-ын гишүүн Д.Баттулгын бэр. Тэрбээр, 2012-2016 онд дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, 2016-2020 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2020 оны 10 дугаар сарын 23-наас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, 2020 оны оны 11 дүгээр сарын 10-наас Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдон ажилласан туршлагатай.

Эх сурвалж: Nnews.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *