Д.Мөнгөнчимэг: Зүрх судасны өвчний тархалт нэмэгдэж, нас залуужиж байна

0

Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 6-аас 15 насны сурагчдаас стрептококийн шинжилгээ авч буй талаар та дуулсан байх.

Энэхүү урьдчилан сэргийлэх үзлэг нь Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж байгаа “Хэрэхийн шалтгаант зүрхний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх” төслийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд дараагийн 5 жилийн турш үргэлжилж Монгол улсын бүх аймаг, дүүрэг, өрх сумдыг хамрах юм.

Бид үүнтэй холбоотойгоор зүрх судасны өвчлөлийн талаар тэр дундаа “хэрэх” хэмээх өвчний талаар Зүрх судасны  үндэсний төвийн зөвлөх, Люксембургийн Хөгжлийн агентлагийн ахлах зөвлөх Д.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед зүрх, судасны өвчлөл залуучуудын дунд их байна гэж ярих боллоо. “Орой зүв зүгээр унтаад сэрсэнгүй”, “Гэнэт зүрх нь хаагдчихлаа” гэх яриа эргэн тойронд сонсогдож байна. Энэ яг үнэн үү. Цөөн тохиолдлыг олон нийт яриад байна уу. Бидэнд зүрх судасны өвчлөлийн талаарх суурь мэдээлэл өгөөч.
-Манай улсад зүрх судасны өвчнөөр өвчилж буй хүмүүсийн тоо өсөж байгаа. Сүүлийн 20 жилийн дотор энэ өвчний тархалт гурав дахин өссөн гэсэн тоо бий.

skip-share

Дэлхий нийтэд энэ өвчин “чимээгүй хөнөөгч” буюу хамгийн аюултай өвчин хэвээр байна

2001 онд нийт нас баралтын 40 гаруй хувь нь зүрх судасны өвчлөлийн шалтгаантай байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэлх хугацаанд зүрх судасны салбарт олон том өөрчлөлтүүд гарч, хөгжиж, буй учраас энэ өвчний шалтгаант нас баралтын тоо буурч байна.

Сүүлийн 19 жил гэхэд 10 мянган хүн ам тутамд ногдох зүрх судасны өвчлөлийн тархалт 7.3 хүнээр буурсан. Энэ нь дорвитой бууралт мөн боловч бусад улс оронтой харьцуулахад дэлхийн дунджаас өндөр хэвээр байна.

Тархалт ихсэж байна гэдэг нь өвчилсөн хүний тоо их болж байна гэсэн үг шүү дээ. Нийт өвчлөгсдийн дотор нас баралт буурч байна гэдэг нь сайн хэрэг. Өвчилсөн хүний тоотой харьцуулаад үзвэл нас баралт тав дахин буурсан.

Гэхдээ дэлхий нийтэд энэ өвчин “чимээгүй хөнөөгч” буюу хамгийн аюултай өвчин хэвээр байна.

Монголд уг өвчнөөр өвдөж буй хүмүүсийн нас залуужиж байгаа  нь үнэн. Ялангуяа хөдөлмөрийн насны залуучууд өртөмтгий байна. Даралт ихсэх өвчтэй гэдгээ мэддэггүй, мэдсэн ч эмчилгээгээ мөрддөггүйгээс залуучуудын дунд тархинд цус харвалт ч маш их байна.

Мөн өнөөдрийн онцлон ярилцах хэрэхийн гаралтай зүрхний өвчин элбэг байна. Тодруулбал, хэрэхийн гаралтай зүрх судасны өвчин 25-аас доош насныхны дунд элбэг тохиолдож байна.

-Хэрэхийн гаралтай зүрхний өвчин тусчихвал насан туршдаа л ийм өвчтэй байна гэсэн үг үү?
-Амьдралын хэв маягаас шалтгаалсан артерийн даралт ихсэх, зүрхний цус хомстох өвчин зэрэг өвчин 40-өөс дээш насныханд тохиолддог. Харин хэрэхийн гаралтай зүрхний өвчин нь илүүтэй 40-өөс доош насанд буюу 5-15 насанд өвдөж эхлэх магадлал хамгийн өндөр. Архаг өвчин болоод 25-аас дээш насанд шинж тэмдэг илэрч байна.   

-Хөдөлмөрийн чадвар алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох мөн дээрээс нь өндөр зардалтай, хүнд хагалгаа хийлгэх зэрэг эрсдэлтэй нөхцөлд хүрдэг гэдэг. Тэгвэл хэрэхийн гаралтай зүрхний өвчин гэж юуг хэлээд байна вэ?
-Энэ өвчин 5-15 насны буюу сургуулийн насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог. Сургуулийн насны хүүхдүүдийн хоолой өвдөх нь элбэг. Үүнд эцэг эхчүүд ч тоомжиргүй хандах нь бий.

Хоолой өвдөх шалтгаануудын нэг стрептокок гэх нянгийн халдвар юм. Энэ нян залгиур хоолойд халдварлаад үрэвсэл үүсгэж, даамжирч архаг процесс үүсгэдэг.

Өөрийн эд эсийг тухайн стрептокок нянтай андуурч гэмтээх гаж хариу урвал даамжирч явснаас холбогч эдийг гэмтээж эхэлдэг.

Холбогч эд гэдэг нь судасны дотор хана, зүрхний дотор хана ялангуяа зүрхний хавхлагууд юм. Тэр хавхлагуудыг гэмтээж, эргэж буцалтгүйгээр бүтцийн өөрчлөлтөд оруулснаар хэрэхийн гаралтай зүрхний өвчин үүсдэг.

Энэ өвчин үүсээд нэг хэсэгтээ шинж тэмдэггүй байдаг учраас хүн өөрөө өвчилснөө мэддэггүй.  Бүр хүндэрсэн хойно л шинж тэмдэг илэрдэг өвчин юм.

-Зөвхөн шинжилгээ хийж байж л илрэх үү. Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Монголд төдийгүй дэлхий дахинд хэрэхийн гаралтай зүрхний өвчнөөс зөвхөн урьдчилан сэргийлэх асуудлыг маш чухлаар ярьж байна.

2018 онд ДЭМБ-аас “Энэ асуудалд онцгой анхаарах хандуулъя. Учир нь хөгжиж байгаа орнуудын хүүхдүүдийг бага насанд нь маш том эрсдэлд оруулж байна. Тэдгээр хүүхэд насанд хүрч, хөдөлмөрлөж, баялаг бүтээх насандаа  хөгжлийн бэрхшээлтэй, амь нас нь эрстэх аюултай, эсвэл өндөр өртөгтэй, эрсдэлтэй хүнд хагалгааг хийлгэдэг. Ийм хүнд нөхцөлд хүрээд байгаа учраас энэ өвчнөөс урьдчилан сэргийлье” гэж уриалсан.

-Олон улстай харьцуулахад манай улс хүүхэд, залуучууд ихтэй. Манай оронд энэ өвчин хэр тохиолдож байна вэ?
-Манай улсад зүрх судасны өвчлөл өндөр байгааг түрүүн хэлсэн. Тэр дундаа хэрэхийн гаралтай зүрхний өвчлөл элбэг байна.

2015 онд Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгждэг Зүрх судасны төв төслийн хүрээнд судалгаа явуулсан.

Улаанбаатар хотын гурван сургуулийн таван мянган хүүхдээс хоолойн арчдас авч стрептокок илрүүлэх шинжилгээ хийсэн. Стрептокок илэрсэн хүүхдүүдээс хоолой өвдөж байсан уу, халуурч байсан уу гэсэн асуумж авч, асуумжийн явцад ч шинж тэмдэг илэрч байгаа хүүхдүүдийг зүрхний эход харуулж, оношилсон. Шинжилгээнд хамрагдсан нийт хүүхдийн найман хувьд нь стрептокок нян илэрсэн. Улмаар асуудлыг нарийвчлан судлаад Монгол бол хөгжиж байгаа улс, энэ өвчний улмаас зүрхний хагалгаанд орох гээд дугаарлаж байгаа хүний тоо өндөр байна зэрэг шалтгаанаар энэ асуудлыг дахин нарийвчлан судлах хүсэлтийг Люксембургийн Засгийн газарт удаа дараа тавьсан.

skip-share

Хоолой залгиурт халдвар байхад, ялангуяа шинж тэмдэг илэрч байх үедээ бусдад халдвар тараах эрсдэлтэй

2022 онд Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар, НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулаад, нийт монгол хүүхдүүдийн дунд стрептокок нянгийн халдварын тархалтыг илрүүлэх, халдвартай хүүхдүүдэд эмчилгээ, зөвлөгөө өгөх ажлыг эхлүүлсэн.

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүндрэхээс сэргийлэх арга нь хүүхэд, багш, эцэг эх, сургуулийн эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын өвчний талаарх мэдлэг юм. Тиймээс энэ сэдвийн хүрээнд иргэд болон мэргэжлийн байгууллагын ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэхээр төсөл хэрэгжиж эхэлсэн юм. 

– ЕБС-уудад хэрэх өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж эхэлсэн. Үзлэгийн дүн ямархуу гарч байна вэ?
-Одоогийн байдлаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас зургаан аймаг болон Улаанбаатар хотын сургуулиудын 300 мянга гаруй хүүхдийг илрүүлэгт хамруулаад байна.

Үр дүн нь янз бүр гарсан. Зарим аймгийн хүүхдүүдийн 15 хувь, Улаанбаатар хотын хүүхдүүдийн 6 хувьд нь халдвар илэрсэн гэх мэт.

Хоолой залгиурт халдвар байхад, ялангуяа шинж тэмдэг илэрч байх үедээ бусдад халдвар тараах эрсдэлтэй байдаг. Тиймээс л энэ талаарх мэдлэгтэй байх хэрэгтэй байгаа юм.

Хоолой өвдөж, халуураад стрептококийн шинжилгээ өгтөл халдвар авсан бол бусдад халдаахгүйн тулд амны хаалт зүүх хэрэгтэй.

Мөн хүйтний буюу хоолойн өвчин ихтэй улирлаар сурагчид нийтээрээ амны хаалт зүүх, агаар сэлгэх зэрэг арга хэмжээ авснаар урьдчилан сэргийлэх боломжтой.

skip-share

2-3 долоо хоногийн хугацаанд өөрөө ч мэдэхгүй халдвар тарааж байдаг

-Ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?
– Хоолой өвдөх олон шалтгаан бий. Стрептококоос өөр олон төрлийн нянгуудаар өвчлөл үүсэж болно. Хоолой нь өвдвөл хоолойн арчдасаар шинжилгээ өгөх хэрэгтэй. Ямар ч төрлийн эмнэлгийн лабораторид арчдасаас бактериологийн шинжилгээ авдаг.

Мөн ковид-19 халдварыг илрүүлдэг шиг түргэвчилсэн оношлуур бий. НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулсан илрүүлэгт түргэвчилсэн оношлуур ашигласан. Удахгүй эмийн сангуудад ч гэсэн ийм түргэвчилсэн оношлуур худалдаалах байх. Тиймээс гэрээсээ ч өөрийгөө оношлох боломжтой гэсэн үг.

Оношлуулаад халдвар илэрвэл эмчид очиж үзүүлнэ. Бүх шатлалын эрүүл мэндийн төвд хандаж болно. Улмаар эмчийн хяналтад антибиотикийн эмчилгээг үргэлжлүүлнэ. Ингэснээр өвчин тухайн шатандаа бүрэн эдгэрэх боломжтой.

Антибиотик ууж эхлээд 24 цагийн дотор халдваргүй болдог. Бусдад халдвар түгээхгүй болно гэсэн үг. 

Хэрэв хоолой нь өвдөөд байхад стрептококийн халдвар байгаа, үгүйг ч илрүүлэхгүй бол өвчин даамжирна. 2-3 долоо хоногийн хугацаанд өөрөө ч мэдэхгүй халдвар тарааж байдаг.

Мөн халдвар авсан хүүхдэд маш сөрөг үр дагавартай.

Тухайлбал, хэд хэдэн удаа стрептококийн халдвар авах, хэд хэдэн удаа халуурч, бие нь гүвдрүүтэж, туурах, үе мөч өвдөх эрсдэлтэй байдаг. Үүнийг хэрэхийн халууралт, чичрүүдэс гэж нэрлэдэг. Энэ синдром хэд хэдэн удаа давтагдах юм бол зүрхэнд өөрчлөлт үүсэж эхэлж байна гэсэн үг. Нэг удаагийн халдварын дараа ч энэ процесс үүсэж магадгүй.

Зүрхэнд өөрчлөлт үүссэнээс хойш хоолойд халдвар арилж ч болно. Халдваргүй ч гэсэн өвчин нь цааш улам даамжирна. Шинж тэмдэг өгөхгүй арав гаруй жил ч болох тохиолдол байна. Ингэж явсаар зүрхний олдмол гажиг үүссэн хойно, хожуу шинж тэмдэг илэрнэ. Амьсгаадах, хавагнах, сульдаж ядрах, зүрхний хэм алдах шинж тэмдэг ажиглагдана. Энэ нөхцөлд хагалгаанд орохоос өөр аргагүй болсон үе шатандаа илэрч байгаа юм.

Өөрөөр хэлбэл шинж тэмдгүүд өвчний үе шат бүрдээ янз бүр байдаг.

Тиймээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэрэв хоолой өвдөхдөө тоохгүй орхисон бол өмнө хоолойн өвдөлтөөс болж халуурч байсан даа гэж санаад зүрхний эход үзүүлж болно.

-Стрептокок нян хэрхэн халдварладаг юм бэ? 
-Агаар дуслын замаар халдварладаг. Ангид нэг халдвартай хүүхэд сууж байхад л халдвар тархах эрсдэл өндөр.

Халдвартай хүнтэй аяга тавгаа хуваалцах, ойр байхад халдвар авна. Мөн халдвартай хүн хүрсэн ширээ сандалд дараагийн хүн хүрэхэд ч гэсэн халдвар авах боломжтой.

Халдвараас сэргийлэх хамгийн эхний арга бол гараа угаах. Стрептокок нянгийн халдвар нь коронавирус шиг л халдварладаг учраас цар тахлын үед мөрдөж байсан халдвар хамгааллыг сахих хэрэгтэй гэсэн үг.  

-Гэр бүлийн нэг хүн халдвартай байвал бусдадаа халдварлуулна гэсэн үг биз дээ.
-Тийм. Амны хаалт зүүх зайлшгүй шаардлагатай.

Жишээлбэл Сэлэнгэ аймагт бид өвөл үзлэг хийсэн. Үзлэгт хамрагдсан нийт хүмүүсийн 15 хувьд нь халдвар илэрсэн.

Харин хавар, зун, намар үзлэг хийсэн газруудад 6 хувь гэсэн үзүүлэлт гарсан. Үүнийг би хүйтний буюу ханиад томууны улиралтай холбоотой байх гэж бодож байна.  Тиймээс халдвар хамгааллын дэглэм баримтлах нь маш чухал.

Нөгөө талаас бид амны хаалт зүүсэн хүнийг ад шоо үзмээргүй байна. Амны хаалт зүүнэ гэдэг нь бусдаас халдвар авахгүй гэсэн мэдлэгтэй, хувийн хариуцлагатайн илэрхийлэл. Мөн өөрөө ханиадтай байхдаа бусдад тараахгүй гэсэн сайхан сэтгэлтэй хүний үйлдэл. Иймд амны хаалт зүүнэ гэдэг нь ямар ч талаараа ухамсартай хариуцлагатай хүнийг илэрхийлж байгаа юм.

Тиймээс дунд сургууль, ажлын хамт олон, худалдааны төвүүдээр зорчихдоо амны хаалт зүүж хэвшүүлмээр байна.

-Халдвар хамгааллын дэглэм сахихаас өөр урьдчилан сэргийлэх арга бий юу. Вакцин гэх мэт.
-ДЭМБ-аас чиглэн ажиллаж буй хэд хэдэн ажлын нэг нь ойрын хугацаанд вакцин гаргах. Одоогоор вакцин судалгааны шатанд байна.   

Харин хувь хүний зүгээс бол халдвар хамгааллын дэглэм сахих, биеийн эсэргүүцлийг сайжруулах, өвдсөн бол оношлуулах хэрэгтэй. Нян илэрсэн бол эмчлүүлж, хүндрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

-Хэрэхийн гаралтай зүрхний өвчний хамгийн хүнд хэлбэр нь амиа алдах гэсэн. Тэр хүртэл ямар ямар тодорхой эрсдэлүүд байдаг юм бэ?
-Дэлхий нийтийн тодорхойлолт бол “энэ өвчин амь насанд аюултай” гэсэн байдаг. Ганцхан энэ үгээр шууд тодорхойлно. Хоёрдугаарт, хөдөлмөрийн чадвар алдуулах, өндөр эрсдэлтэй мэс засалд оруулах хүндрэлтэй юм.   

Зүрхний хавхалгыг нь өөрчлөөд бүтцийг нь өөрчилсөн байхад эмийн эмчилгээгээр засахгүй зөвхөн мэс заслаар засна. Үгүй бол зүрхний дутагдал үүснэ.

Зүрхний дутагдал гэдэг нь амьсгаадаад, хавагнаад явж чадахгүй, унтаж чадахгүй болж амьдралын чанарыг эрс доройтуулдаг өвчин юм.

-Хүндэрсэн үед зүрхний эход харуулах хэрэгтэй. Манай улсад эдгээр хүртээмж ямар хэмжээнд байдаг вэ?
Зүрхний эхо бүх аймаг, дүүргүүдийн эмнэлэгт бий. Энэ нь Люксембургийн Засгийн газрын ач гавьяа гэж болно. Улсын гуравдугаар эмнэлэгт төвлөрөөд Монгол Улсын зүрх судасны салбарт 23 дахь жилдээ хэрэгжиж байгаа таван дэс дараалсан буцалтгүй тусламж үзүүлсэн. Тусламжийн хүрээнд анх долоон эхоны аппарат орж ирээд орон нутагт зүрх судасны өвчлөлийг оношилдог болсон.  Одоо бол 21 аймагт гурав дахь удаагийн шинэчлэлтээ хийгээд орчин үеийн аппаратаар хангагдсан.    

Мөн хувийн эмнэлгүүдэд ч гэсэн энэ талын үйлчилгээ сайжирсан. Түүнчлэн оношилгоо хийх чадваржсан эмч нар 21 аймагт ажиллаж байна.

-Ер нь хэрэх гэж хаанаас гаралтай, юу гэсэн утгыг илэрхийлж байгаа үг вэ?
-Нянгийн гадаргууд байх уургууд нь хүний холбогч эдийн эсүүдийн гадаргын уурагтай ижил төстэй байдаг юм байна. Нянгийн эсрэг дархлааны тогтолцооны эсүүд тэмцэж эхлэхдээ дээрх нөхцөлийн улмаас андуурч өөрийнхөө эд эсийг нян гэж таниад гэмтээж эхэлдэг. Ингэхдээ cross action гэдэг үйлдэл үзүүлж байгааг ингэж тайлбарласан байх.

Стрептокок нянгийн халдвар авангуутаа халуурч, туурч, үе мөч өвддөг гэсэн дээ. Ингэхдээ хүний үе мөч хэрж өвддөг. Олон үе мөч нэгээс нөгөөд шилжин өвдөхийг зарим үе мөчний эмч нар хэрж өвдөнө гэж ярьдаг.

skip-share

Антибиотикийн эмчилгээ эхлээд 24 цагийн дотор халдваргүй болно

-Урьдчилан сэргийлэх үзлэгийг голчлон сургуулийн насны хүүхдүүд буюу 5-15 насныханд хийж байгаа гэсэн. Хэрэв түүнээс дээш үеийнхэн халдвар аваад, хүндрээд цааш дамжуулаад байдаг бол тэр хүн амд ямар арга хэмжээ авах вэ?
-Ер нь энэ өвчнөөр хэдэн ч насны хүн халдварлаж болно. 5-15 насны хүүхдүүд илүү эмзэг тусдаг юм. Халдварт өртөмтгий байгаа нь сургуульд сурдагтай нь ч холбоотой байж магадгүй. Илүү элбэг тохиолддог гэдэг утгаар нь аль болох эрт оношлохоор 5-15 насныхныг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулж байгаа юм.

Мэдээж насанд хүрсэн хүний хоолой өвдөж болно. Энэ тохиолдолд лабораторид очиж оношлуулаад тохирсон эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Антибиотикийн эмчилгээ эхлээд 24 цагийн дотор халдваргүй болно.

Харин өвчний талаар мэдлэгтэй хүн бол “Би бага насандаа хоолой өвдөж байсан тиймээс энэ төрлийн өвчний хүндрэл байж магадгүй” гэж үзээд зүрхний эход харуулах арга хэмжээ авч болно.

-Ойр ойрхон л тохиолддог болохоор хүүхдийн хоолой өвдөхөд ийм хор хөнөөлтэй гэж бодож ач холбогдол өгдөггүй шүү дээ. Амыг нь ангайлгаж хараад идээ татаагүй байна гээд л чухалчлахгүй орхидог…
-Ийм буруу хэвшлээс яг энэ төрлийн өвчнөөр оношлуулсан маш олон хүн III төв эмнэлэгт зүрхний мэс засалд орохоор дугаарлаж байна. Эмчлүүлэх жагсаалтад 400 гаруй хүн байна. Энэ мэс заслыг хийхэд өндөр өртөгтэй гэж дурдсан.

Зүрхний нээлттэй мэс засал гэдэг бол хамгийн өндөр эрсдэл дагуулсан мэс засал. Тэр ч утгаараа энэ мэс заслын нэг удаагийн хэрэглэгдэхүүн их. Хүний зүрхийг тодорхой хугацаанд зогсоогоод тусгай багажаар цусыг эргэлдүүлж байх хооронд зүрхэнд хиймэл хавхлаг суулгах, эсвэл өөрийнх нь зүрхийг засах ажил хийнэ. Суулгац материал нь үнэтэй, хэрэглэгдэхүүн ч үнэтэй. Өндөр хөгжилтэй оронд энэ мэс заслыг хийхэд дунджаар 50-70 мянган долларын өртөгтэй байдаг.

-Манайхан дунд гэрээр эмчлэх гэдэг нэг ойлголт байдаг. Ингэдэг тэгдэг гэх зөвлөгөө, ам дамжсан яриагаар эмчлэх гэж үздэг шүү дээ. 
-Тиймээс, нэн түрүүнд мэргэжлийн эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Дараа нь эмчийн хяналт, зааврын дагуу гэрээр эмчилж болно.

Гэрийн нөхцөлд энгийн болон уламжлалт аргуудаар энэ өвчнийг эмчлээд зогсоох арга байхгүй. Харин ч өөрийгөө болон үр хүүхдээ эрсдэлд оруулж болзошгүй. Энгийн ханиад томууг гэрийн нөхцөлд эмчилж болдог. Харин энэ бол огт өөр асуудал.

-Ярилцлагын төгсгөлд зүрхний бусад өвчлөлийн талаар болон түүнээс урьдчилан сэргийлэх арга замуудыг зөвлөөч.
-Зүрхний өвчин бол халдварт бус өвчин. Халдварт бус өвчин нь амьдралын буруу хэв хэвшлээс л үүсдэг. Биеийн жингийн илүүдэлтэй, архины зохисгүй хэрэглээтэй, ялангуяа тамхины хэрэглээ ихтэй хүн халдварт бус өвчинд өртөмхий байдаг.

Өөх тос их хэрэглэх, удаан хугацаанд сууж ажиллах, чихрийн шижинг хянахгүй байх, даралт ихсэх өвчнөө тоохгүй орхих зэрэг буруу дадал хэвшлээс болж зүрх судасны өвчлөл үүсдэг.

Манай зүрхний төвөөс “Эрүүл зүрхтэй, удаан жаргалтай амьдаръя” гэж уриалж байгаа. Ингэж амьдрахад дээр дурдсан эрсдэлүүдийг багасгахад л болно.

Залуус эрүүл агаарт дасгал хөдөлгөөн хийж, алхдаг болсон байна. Энэ бол маш оюунлаг байгаагийн илрэл юм.

Манай улсын 40-өөс дээш насны нийт хүн амын 70 гаруй хувь нь даралт ихсэх өвчтэй байна. Ялангуяа, эрэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Харин нийт хүн амын 25 хувь нь даралт ихсэх өвчтэй байна.

Эрүүл мэндийн ажилтнууд даралт ихсэх өвчний эсрэг маш олон төрлийн арга хэмжээг чадах хэрээрээ хийж байгаа. Жишээлбэл, нийслэлийн нийт найман зах худалдааны төвүүдэд даралтны аппарат байрлуулсан. Энэ нь иргэдийн цусны даралтаа үзэх боломжийг нэгээр ч болтугай нэмж байгаа юм. Зах худалдааны төвүүд нийгмийн хариуцлагын хүрээнд үүн дээр хамтарч ажиллаж байгаа.

skip-share

18 наснаас дээш насны хүн бүр өдөрт даралтаа нэг хэмжиж байх хэрэгтэй

Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангаас iCheck гэдэг маш нийгэмд хэрэгтэй санаачилга хэрэгжүүлж эхэлсэн. iCheck нь хүн бүр өөрийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг шалгах боломжтой даралтны аппарат, хүчил төрөгч хэмжигч, электрон жин зэргийг агуулсан энгийн төхөөрөмж бүхий эрүүл мэндийн булан юм. НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэдээлснээр уг эрүүл мэндийн буланг Жэй Молл-ийн GS25 салбарт, Хан-Уул дүүрэг дэх Зайсан Хилл цогцолбор доторх CU салбарт тус тус байршуулсан ба удахгүй Яармагт нээгдэх Номин Макро худалдааны төвд байршуулахаар хамтын ажиллагаа эхэлсэн гэсэн. 

Одоо иргэд өөрсдөө мэдлэгтэй болж, айл болгон даралтны аппараттай болох хэрэгтэй. 18 наснаас дээш насны хүн бүр өдөрт даралтаа нэг хэмжиж байх хэрэгтэй. Нэг их удахгүй шүү дээ. Өглөө ажилдаа гарахдаа, орой гэртээ ирэхдээ, толгой өвдөх үед даралтаа хэмжиж хэвшээрэй гэж зөвлөе.

Харин өнөөдрийн сэдвээр зөвлөхөд хүүхдүүд хоолой нь өвдсөн тохиолдолд нэн даруй стрептококийн шинжилгээ өгч байгаарай. Халдвар авсан нь тогтоогдсон бол эмчийн хяналтад эмчилгээ эхлүүлээрэй.

Түүнчлэн бага залуудаа байнга хоолой өвдөж халуурдаг байсан бол зүрхээ нэг шинжлүүлээрэй. Ингэснээр өвчнийг даамжраагүй байгаа үе шатанд нь зогсоох боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *