“Playtime 2024” наадмын тайзнаас бууж, бусдыг зодож танхайрсан “Growl of Clown” хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатарыг шалгаж эхэлжээ
Жил бүр зохион байгуулагддаг “Playtime 2024” хөгжмийн наадам энэ удаа долдугаар сарын 4-7 ны хугацаанд зохион байгуулагдаж өчигдөр өндөрлөсөн. Өмнөх жилүүдэд тус урлагийн арга хэмжээ “Монгол шилтгээн”-нд болдог байсан бол энэ удаа Налайх дүүргийн шинэ талбайд зохион байгуулагдсан. Иймд “тоос шороо их байсан” гэх шүүмжлэлд өртөөд буй.
Тэгвэл “Playtime 2024” наадмын үеэр “Growl of Clown” хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатар руу үзэгч пивоны лааз шидэж, маргаан үүсгэсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан. Тодруулбал, Б.Хүрэлбаатар тайзнаас бууж үзэгчийг гараараа цохих ба удалгүй тайзанд дээр гарч “бүгдээрээ хойшоо нэг алхчих. Хөөрөөд байгаарай … ” хэмээн бусдыг харааж байгаа нь бичлэгт гарах аж.
Тэгвэл олон нийтийн газар зүй бус үйлдэл гаргаж, бусдын эрх чөлөөнд халдсан “Growl of Clown” хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатарыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, түүнд цохиулсан иргэнд гэмтлийн зэрэг тогтоогдвол Б.Хүрэлбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж болзошгүй байна.
Сонирхуулахад,Playtime наадмыг зохион байгуулагчдад зориулж, 50 газрын эзэмших эрхийг Хотын дарга Х.Нямбаатар олгосон. Энэ тухайгаа тэрээр өөрийн твиттер хуудастаа, “4 өдөр үргэлжилсэн Playtime наадмаар зочилж, наадам зохион байгуулахад зориулж, 50 газрын эзэмших эрх олголоо. Хүсэл тэмүүлэл дүүрэн залуусын хүсэн хүлээдэг хөгжмийн том наадам улам бүр хүрээгээ тэлж, сайхан соёл болж тогтоосой гэдэг үүднээс ирэх жилийн наадмаас урьтаж нийслэлийн зүгээс тухайн байршил руу зам тавьж, авто зогсоол байгуулах, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгох ажлыг зохион байгуулна. Хөгжим бол эрх чөлөө” хэмээн мэдэгджээ.