Одоо эвсэл хамтрал биш, “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хэн хэн орох вэ” гэж л ярина

0


Сонгуулийн шинэ тогтолцоогоор 126 гишүүнтэй УИХ бүрдсэн. 68 суудалтай МАН олонх, 42 суудалтай АН, найман суудалтай ХҮН нам, дөрөв дөрвөн суудалтай ИЗНН, Үндэсний эвсэл сөрөг хүчин болсон. Сонгуулийн дүн баталгаажсаны дараа МАНын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д суудалтай болсон намуудад Засгийн газарт хамтрах санал хүргүүлжээ. Тэр “урилга”-ыг олж уншаагүй, хэвлэлүүд эх сурвалжуудын мэдээлсэн. Болж буй үйл явдлуудаас ийм үйл явц өрнөж байгаа нь ойлгомжтой болов. Үүнтэй зэрэгцээд шинээр байгуулагдах Засгийн газрын Эвслийн, бас Хамтарсан гэх дүгнэлтүүд хөвөрч байна. Цаашлаад “Дахин МАНАН байгуулах нь” гэсэн яриа хөөрөө ч гарч ирэв. Энэ нь даамжраад маргааны шинжтэй болоод явчихсан. Гэвч өнгөрсөн баасан гаригт УИХ-аар Ерөнхий сайдын асуудал шийдэгдчихлээ. Олонх болсон МАН-аас 32 дахь Ерөнхий сайд, тус намын дарга Л.Оюун-Эрдэнийг 33 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг Ерөнхийлөгч УИХ-д оруулав. Үндсэн хуулийн 39.2-т “УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг, бусад тохиолдолд УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна” гээд заачихсан. Эндээс харсан ч олонх болсон МАН л Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх боломжтой байгаа юм. Тус нам тэр ёсоор нэр дэвшүүлж, УИХ бараг 100 хувийн саналаар дэмжиж, 33 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилов. Одоо Үндсэн хуулийн 39.3-т заасанчлан “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэснээр төр төвхнөх үйл явц үргэлжилнэ. Хамгийн гол нь ингээд олонхоос Ерөнхий сайдаа нэр дэвшүүлж, УИХ томилсноор тойрч маргаад байсан “Эвслийн Засгийн газар байгуулах уу?, “Засгийн газарт олон нам хамтрах уу” гэдэг асуудалд цэг хатгачихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг эвсэж, хамтарч ч байгуулсангүй. Харин МАН-ын, тэр дундаа тус намын дарга Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдахаар болов. Хэрэв тодорхой нам, эвслүүд, нэр бүхий улстөрчдөөс гаралтай дээрх таамаг биелэх байсан бол МАН-ынхан Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхээсээ өмнө бусад улс төрийн намуудтай зөвшилцөл, тохиролцоонд хүрч, гэрээ хэлэлцээрээ албажуулах байсан юм. Гэх дээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газарт УИХ-д суудалтай намуудаас сайдаар орж ажиллахаар ярьж байна. Энэ их сонин. Засгийн газар бол албан ёсоор олонх болсон МАНынх. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдсон өдрөө МАН-ын Бага хурлаас “ заричм, шаардлагад нийцвэл аль ч намын, эсвэл, нам бус хүнийг Засгийн газарт сайдаар томилж болно” гэсэн зөвшөөрөл авчээ. Нэгэнт нам нь ингээд зөвшөөрчихөөр бусад намуудтай зөвшилцөөд яриад явж байгаа нөхцөлд УИХ-д суудалтай хоёроос дээш намын гишүүд энэ удаагийн Засгийн газарт орж ажиллах нь тодорхой болж байна. Сонин гэсний учир нь үүнд байгаа юм. Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ, эрх баригч МАН яагаад ингэж шийдэв? Үүнд хоёр тайлбар зүүж болохоор байна.

Нэгдүгээрт: МАН энэ сонгуульд 68 суудал авч олонх болсон ч дангаараа засаглаад явах боломжтой олонх болж чадаагүй юм. Олон болсон МАН бусад нам эвслээс 10-аад суудлын л илүүтэй болсон. Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ том төслүүд, авлигын эсрэг тэмцэл, Баялгийн сангийн хэрэгжилт зэргээ гацаахгүйн тулд УИХ-д суудалтай намуудаас Засгийн газартаа оруулах шийдлийг гаргасан байх. Хоёрдугаарт: Анх Үндсэн хуульд энэхүү тогтолцооны өөрчлөлт хийх судалгааны явцад Шинэ Зеландын парламентын талаар нэлээд яригдаж, туршлага болж байж. Энэ нь сонгуулийн дүн гарсны дараа олон улстөрчийн амнаас дахин гарч ирсэн. Шинэ Зеланд улс өөрөө геополитик, зарим томоохон асуудлаараа манай улстай төстэй. Маш товчоор хэлэхэд, тодорхой шалтгааны улмаас дотроо эвтэй байх нь тухайн улсын гол баримтлал болгодог. Тэр утгаараа парламентын сонгуулийн дараа гол төлөв, ер нь ихэвчлэн намууд нь нийлж Засгийн газраа байгуулдаг.

Үүнийг Л.Оюун-Эрдэнийн 33 дахь Ерөнхий сайдаар томилогдоод УИХ дээр хэлсэн үгнээс ч ойлгож болохоор байна.

Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдын хувьд сонгогчдын санал бүхэнд хүндэтгэлтэй хандаж, дэмжигдсэн хөтөлбөр бүрийн давхацлыг олж, товч, тодорхой, үр дүнтэй хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгох болно. Энэхүү хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, олон улсын геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэргийг харгалзан дээр дурдсан зарчим, хөтөлбөрийг дэмжсэн тохиолдолд идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. Бид тэрбумуулаа биш ээ. Бид хэдэн зуун саяулаа ч биш. Монгол Улс шинэ 30 жилийг эхлүүлж, үсрэнгүй хөгжихөд монгол хүн бүрийн идэвхтэй оролцоо чухал” гэсэн.

Энд “Юу хэлчихэв” хэмээх тайлбар илүүц. Одоо “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хэн хэн орох вэ” гэж л ярина. Энэ нь “Эвслийн Засгийн газар”, эсвэл “Хамтарсан Засгийн газар” биш, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орж, хамтран ажиллах тухай л яригдана гэсэн үг. Эх сурвалжуудын мэдээллээр Ерөнхий сайд Л . Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газрынхаа сайд нарыг өнөөдөр, цаашлаад л маргааш танилцуулах бололтой

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *