Л.Эрхэмбаяр: ХХААХҮ-ийн сайдаар ахуй, мал мэддэг хүн томилоосой

0

Эдийн засгийн форумын үдээс хойших хуралдаанаар “Шинэ хоршоо, хөдөөгийн хөгжил” сэдэвт хурал боллоо. Энэ үеэр Монголын мал зүйч эмч нарын тэргүүн Л.Эрхэмбаяр байр сууриа илэрхийлэв.

Тэрээр “Манай салбарынхан болон төрийн байгууллага хооронд “мөс хайлж”, харилцан бие биеэ ойлгодог болж байна. ХХААХҮ-ийн сайдаар ахуй, мал мэддэг хүн томилоосой. Сүүлийн сайд нар овоо сурч байтал өөрчлөгдсөн. Малчдын сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй байна. Цаг үе маш их өөрчлөгдсөн байтал малчид бид хэдэн зуун жил ингэж л малаа малласаар ирсэн гэдэг. Бэлчээрээ хамгаал гэхээр юу яриад байгаа юм гэдэг. Нэг хонинд долоон боодол өвс бэлдэж, өвлийг давахаа мэдэхгүй байна.         

Махны экспортыг нэмэхийн тулд Засгийн газар юун түрүүнд БНХАУ-тай хэлцэл хийх ёстой. Энэ ажилд маш хойрго ханддаг. Уг нь урд хөрш авах хүсэлтэй, аргаа бараад л манайхаас амьд мал авдаг. Дарханд арьс ширний том цогцолбор барина гэсэн ч холион бантан хутгасан.          

Шинэ хоршоо хөдөлгөөн их зөв ч эхлэл нь буруу. Нэг айлын долоон  хүн бид нэг хоршоо гээд 50 сая төгрөгийн зээл авах нь. Төр нүдээ аниад зээл өгч байна. Энэ жил нийт 500 тэрбум төгрөг олгохоос 230 тэрбумыг нь өгчээ. Ийм сайхан боломж олгосон байхад хоршоод гүүний эхсээс гоо сайхны бүтээгдэхүүн гаргах, сүүний пробиотик хийх гэх мэт төслүүдийг эхлүүлэх шаардлагатай. Хоршооны нэг гишүүн нь бизнес эрхлэгч байх шаардлага тавих хэрэгтэй” гэв.    

Хуралд оролцогсод манай улсад өнөөг хүртэл малчдыг дэмжсэн, санхүүгийн бүтээгдэхүүн байгаагүй. Малчны зээлийг ХААН, Төрийн банкууд олгодог. Гэхдээ энэ нь хэрэглээний зээл юм. Хоршооны зээлтэй хамт энэ салбарын ТББ-ууд сайн бэхжээсэй. Мөн жишиг хоршоодыг улс даяар танилцуулан сурталчилбал хоршоодод дэмтэй гэсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *