ФОТО: “Дээлтэй Монгол наадам” 18 дахь жилдээ боллоо
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төвтэй хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг долоодугаар сарын 9-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд 18 дахь удаагаа зохион байгуулсан байна.
Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучуудад зориулан “Дээлтэй диско” орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт зохион байгуулна гэдгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлсэн.
Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төлөөллөөс гадна БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн “Хөрөнгө оруулагчдын холбоо”, Баруун үзэмчин хошуу, Ордос аймгийн Монголчууд, Монгол туургатны утга зохиол, өв соёлын “Дорнын гэгээ аялгуу” нэгдсэн холбоо, Шинжаан уйгурын өөртөө засах орны Торгууд, Өөлд, Цахар, Хошуут, Захчин, Урианхай, Халх үндэстэн ястнуудын төлөөлөл бүхий Ойрад Монголчууд, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Буриад Монголчууд, ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсын Элстэйн холбоо гэх мэт гадаадын 200 гаруй оролцогч оролцож байна.
Түүнчлэн “Дээлтэй Монгол” наадмын үеэр шилдэг дүүрэг, шилдэг аж ахуйн нэгж байгууллага, шилдэг дээл урлаач, хамгийн сайхан дээлтэй гэр бүл, хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/, монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/, хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/ зэрэг номинаци шалгаруулах юм.
Эх сурвалж: gogo.mn