Том бизнесүүдийн УИХ дахь “хамгаалагчид”-II
Энэ удаагийн парламентад анх удаа 126 гишүүнийг иргэд төлөөлөгчөөр сонгож, шинэхэн гишүүд тангаргаа өргөөд цөөн хонож буй. Холомог тогтолцоогоор бүрдсэн УИХ-ын гишүүдийн 100 гаруй нь тэрбумтан бөгөөд, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй энд дарж танилцах боломжтой. Тэгвэл тэрбумтан гишүүдийн зарим нь томоохон бизнесүүдтэй хамаарал бүхий болон эзэмшдэг гэдгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдээлсэн. Хэн, хэн, ямар томоохон бизнесийн эрх ашигт хамаарч байгааг нэгтгэн хүргэж байна.
ЖОНШ БЯАЖУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ НИЙСЛЭЛИЙН АВАРГА УЯАЧ ГИШҮҮН
УИХ-ын тавдугаар тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан Далайн Батбаяр томоохон бизнес эрхлэгчдийн төлөөлөл. Тод манлай уяач аавтай тэрбээр нийслэлийн аварга уяач. Чех улсад эдийн засагчаар, мөн эрх зүйн мэргэжилтэй. Түүний хувьд Монголд хамгийн ихээр дутагдаж байгаа уул уурхайн баяжуулалтын инженер мэргэжлээр суралцаж яваа. Түүний хувьд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж яваа нэгэн. Улс төрд орж байгаагаа тэрбээр хувийн бизнесийн төлөө биш нийтийн эрх ашгийн төлөө гэдгээ давтамжтай олнцолсон.
Д.Батбаяр цар тахлын хугацаанд жонш баяжуулах үйлдвэрийг 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан бөгөөд цар тахлын хүнд нөхцөлд ашиглалтад оруулсан нь шандас сорьсон ажил байсан гэдгийг ч хэлж байв.
Түүний үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын баяжуулсан жоншны экспорт 60 орчим хувиар нэмэгджээ. Тиймээс тэрбээр бизнес эрхлэгчдээ ихэд анхаарч дэмжиж ажиллахаа амлан гарч ирсэн.
ГЭР БҮЛИЙН САЛБАР БИЗНЕСҮҮДТЭЙ “НОЁН ЭМЭГТЭЙ”
Төр дэх бизнес эрхлэгчдийн дараагийн төлөөлөл бол УИХ-ын гишүүн Ч.Ундрам. Түүний хувьд дахин УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд өнгөрсөн хугацаанд парламентад ажиллаж байх үед нь түүний хөрөнгө хоёр дахин өссөн байдаг. Тодруулбал, УИХ-ын тавдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Ундрамын нийт орлого 199 сая төгрөг болж нэмэгдсэн гэдгээ Авлигатай тэмцэх газрын хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн.
Б.Ундрам УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшиж байхдаа 510 саяар үнэлэгдэх зуслангийн хоёр байшин, нэг нийтийн орон сууц, нэг зогсоолтой байжээ. 2024 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ 50 сая төгрөгийн үнэтэй зуслангийн нэг байшинтай болсон гэжээ.
Түүний хувьд гэр бүлийн бизнес гэгддэг Хөнгөнбетон ХК, Дийзл транс ХХК, Малтикс ХХК-иудад тус тус хувьцаа эзэмшдэг байсан бол 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлгээсээ хасчээ. Ямартай ч түүний хувьд салбар бүрд хэрсэн гэр бүлийн томоохон бизнесүүдтэйгээ холбоо хамааралтай гэгддэг.
3.3 ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ БИЗНЕСМЕН ГИШҮҮН
Түгжрэлийн сайд асан, төрийн түшээ гишүүний хувийн орлого их, бага байх нь тийм ч анхаарах чухал асуудал биш. Гэхдээ олон түмнийг төлөөлж байгаа хүний хувьд хувийн ашиг сонирхлоос ангид байх учиртай. УИХ-ын гишүүнээр улиран сонгогдсон Б.Дэлгэрсайханы хувьд хөрөнгө орлогоороо өндөр нэгэн.
Б.Дэлгэрсайхан нь тээвэр логистикийн компанитай бөгөөд 15 жил үйл ажиллагаа явуулж буй.
Түүнийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой гэдэг ч цар тахлынн үеэр ямар ч давуу эрх эдлээгүй, нүүрсний хэрэгт огт хамааралгүй гэдгээ өнгөрсөн 2023 онд мэдэгдэж байв. Гэлээ ч хүмүүс түүнийг хувийн компанийхаа ашиг сонирхлын талд ажилласан байж болзошгүй гэж харддаг. Хамгийн сүүлийн буюу 2023 оны АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлэг тэрбээр Монтай Эрдэнэ компанид л хувь эзэмшдэг гэжээ. Тус компани нь 100 хувь Б.Дэлгэрсайхан гишүүний өмчид байдаг.
ОРОН СУУЦ, СУПЕРМАРКЕТЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ “ОРГИЛ”-ЫН Ж.ГАНБААТАР
Олны дунд Оргил супермареттай, худалдааны салбарын томоохон төлөөлөгч гэдгээр овоглогдон танигдсан Ж.Ганбаатар. Түүний хувьд зөвхөн хүнс, ахуйн бараа бус орон сууцны салбарт ч хөл тавьсан нэгэн. Түүний хувьд УИХ-ын есдүгээр тойрог буюу Баянгол дүүрэгт өрсөлдөж, гурваар гарч ирсэн.
Улиран сонгогдож байгаа УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хувьд 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр таван том компанид хувь эзэмшдэг.
Тухайлбал, Камдер, Нордлайн, Голден свит, Моннидер, Сээкл ХХК-иудад хувь эзэмшиж байгаа юм. Эдгээр компаниуд нь барилга, импортлогч, хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, Голден свит компани нь импортлогч аж ахуй нэгж бөгөөд Оргил сүлжээ супермаркет, худалдааны бөөний төвөөрөө дамжуулан дэлхийд тэргүүлэгч брэндүүдийг импортлон оруулж ирдэг байна. Түүний хувьд гишүүн болсон ч эдгээр компаниудын эцсийн өмчлөгч, хувь эзэмшигч хэвээрээ байгаа юм.
УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ХӨРӨНГӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЖ БУЙ ГАЦУУРТ ГРУППИЙН ХАТАГТАЙ
Боловсрол мэдлэг өндөр төдийгүй ашиг орлоготой салбарт одтой яваа нэгэн бол УИХ-ын гишүүнээр мөн л улиран сонгогдсон хүн бол Ч.Номин. Гацуурт групп гадаад харилцааны захирлаар ажлын туршлагаа эхлүүлж байсан тэрбээр Тэрэлж зочид буудлын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Монгол телевиз ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан туршлагатай. Мөн өнгөрсөн парламентад Соёлын сайдаар ажиллаж байсан төдийгүй МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн болон хэд хэдэн гуншинтай.
Түүний хувьд олон компанид хувь эзэмшдэг бөгөөд хэвлэ мэдээлэл, санхүүгийн компаниудыг нь онцолж болно.
Тухайлбал, Эрдэнэс таван толгой, Монимэйшн, Ори Студиос, Арри Монгол, Скинни, Воркшоп, Веп Энтертайнмент, Ай Ти Би консалтинг, Монголын телевизүүдийн чуулган, Хорин Мянган зүрх сан, Ард даатгал, Ард санхүүгийн нэгдэл, Ард кредит, Номсис, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Скинни констракш, Говь, Тэнгэрлэг медиа групп, Крипто үндэстэн, Сэнтрал Экспресс Си ви ЭС ХК, Түмэн шувуут, Монос хүнс ХК, Пресс Цэнтр Эм Эн, Цахим сэтгүүл зүйг дэмжих төв зэрэг компани болон төрийн бус байгууллагуудад хувьцаа эзэмшдэг.
ШОНХОРУУДЫН ЭЗЭН ЭМЧ, УИХ-ЫН ГИШҮҮН Т.МӨНХСАЙХАН
Эрүүл мэндийн салбарын төлөөлөгч, томоохон худалдааны төвийн эзэн Т.Мөнхсайхан ч бизнес эрхлэгчдийн төрд байгаа нэг төлөөлөгч. 5.9 тэрбумын хөрөнгө орлоготой тэрбээр Тэнгэрийн шонхор, Хүчит шонхор компанийн эцсийн өмчлөгч, хувь эзэмшигч. Тэнгэрийн шонхор компанийн тухайд барилгын салбарт, Хүчит шонхор компанийн хувьд махны худалдааны түрээсийн зах зээлийг эзэмшигч гэхэд хилсдэхгүй.
Тиймээс бизнесийн эрх ашиг түүнд мөн хамаарч байгаа юм.
ОЮУНЫ УНДРАА ГРУППИЙН ЭЗЭН С.АМАРСАЙХАН
УИХ-ын Налайх, Багануур, Багахангайн тойргоос удаа дараа улиран сонгогдож буй гишүүн бол Оюуны Ундраа группийн эзэн С.Амарсайхан. Түүний хувьд тус аж ахуй нэгжээс гадна Монголын санхүүгийн групп банк бус санхүүгийн байгууллага, Диадэм гэх компанитай.
АТМОР ХХК-ИЙН ТУЗ-ЫН ДАРГА АСАНЫ ДАРГА ОХИН ТӨРИЙН ЗАЛУУ ТӨЛӨӨЛӨЛ
Хаана ч овог, нэрээ бардам хэлдэг GENZ үеийн төлөөлөл гэдгээрээ олонд танигдсан АН-ын нарийн бичиг, төрийн залуу түшээ бол Саруулсайханы Цэнгүүн. Дэд бүтэц, инженеринг, маркетинг, пиараар ажиллаж байсан төдийгүй олон улсын байгууллага, Ардчилсан намд ажиллаж байсан туршлагатай нэгэн. Тэрбээр хэрхэн бизнестэй холбогдож байна вэ? гэвэл аавынхаа хамаарал бүхий амины орон сууцанд тулгардаг халаалт, цэвэр ус, бохир усны Атмор компанитай холбоотой. Нэг хэсэг түүний аав тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан бол, удаа ч үгүй С.Цэнгүүн тус ажлыг хашиж байсан.
М-ОЙЛ ГРУППТЭЙ УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПУНСАЛМАА
Бизнесийн салбарын эмэгтэй лидерүүдийн тоонд бичигддэг нэгэн энэ удаагийн сонгуулиар гишүүнээр сонгогдсон. Тэр бол Б.Пунсалмаа. Эдийн засагч мэргэжилтэй, 7.3 тэрбумын хөрөнгө орлоготой тэрбээр олон компаниудад хувьцаа эзэмшдэг. Тухайлбал,
- Смарт ворк ХХК
- М Ойл групп ХХК
- Монгол Ойл групп ХХК
- Эм эм продактс ХХК
- Их монгол товер ХХК
- Инвестос ББСБ ХХК
- Рандонехорс ХХК
- Сиркл Чейн ХХК
- Монгол артист пикчерс ХХК
- Нью Стан ХХК
- Монос хүнс
- Лэндмн
- Эрдэнэс таван толгой ХК
ЖИВХНИЙ ҮЙЛДВЭРЭЭС ТӨМРИЙН ХҮДРИЙН УУРХАЙН ЭЗЭН БОЛСОН Г.ОЧИРБАТ
Монголынн анхны ариун цэврийн цаасны үйлдвэрийг эрхэлж, бизнесээ эхлүүлж байсан АН-ын гишүүн Г.Очирбат мөн л нөлөө бүхий бизнестэй хүмүүсийн тоонд багтана. Одоо тэрбээр 500 гаруй ажилтантай ТНГРИ группийн гүйцэтгэх захирлын алба мөн хашиж буй.
Түүний хувьд Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы төрсөн ах Т.Батмөнхтэй “Сүлд шонхор” ХХК, “ТНГРИ инвест” ХХК-уудыг хамтран эзэмшдэг. “Сүлд шонхор” ХХК, “ТНГРИ инвест” ХХК-ууд нь Тоди шивх Өд ариун цэврийн цаас, Амт бэлэн гоймон зэргийг үйлдвэрлэдэг. Т.Батмөнхийн тухайд, НДЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан.
Мөн Г.Очирбат нь Цагаан цахир гол компанийг Хятадын Зө-Юүе компанитай хамтран эзэмшдэг.
БОЛОВСРОЛ, УХААЛАГ СИСТЕМИЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ П.НАРАНБАЯР
Шинэ Монгол сургуулийн гүйцэтгэх захирал асан, олон улс судлалын доктор П.Наранбаяр. Түүний тухайд: АНТ, Оюуны хүрээ, Фаро Тек, Коллппро, Иро Консалтинг Сингапур, Даяншийдэл, Эрдэнэс-Таван толгой ХК-д тус тус хувьцаа эзэмшдэг.
8 ТОМ КОМПАНИЙН ХУВЬ ЭЗЭМШИГЧ ШАРК АНАР
2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 1336 нэр дэвшигч өрсөлдсөн. Эдгээр нэр дэвшигчдийн МАН-аас жагсаалтаар нэр дэвшигч шарк Ч.Анарын хөрөнгө орлогын мэдүүлэг сонирхолтой. Тэрбээр өөрийн орлогоо 421 сая төгрөг, тээврийн хэрэгслээ 1.6 тэрбум төгрөг гэж мэдүүлсэн. Мөн 160 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. Түүний хувьд:
- Ироконсалтинг,
- Андэкс,
- Зочил технологи,
- Ондо холдинг,
- Ироконсалтинг пи-ти-и,
- Андореан пи-ти-и,
- Эрдэнэс тавантолгой,
- Улсын Их Дэлгүүр зэрэг компаниудад хувь эзэмшдэг бизнес эрхлэгч.
РИО ТИНТОГООС ЭХЭЛСЭН ГЕОЛОГИЧ Б.УЯНГА
Ажлын туршлагаа Риотинтогоос эхэлсэн геологич мэргэжилтэй Болдын Уянга. Уул уурхайн яамтай салшгүй холбоотой тэрбээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гурван тэрбум гэжээ.
Түүнийг уул уурхайн бизнесээс хамааралтай гэдэг.
Эх сурвалж: Nnews.mn