2023.03.22 13:03
“Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь” олон улсын бага хурал 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр болж байна. Олон улсын бага хуралд Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Европын холбоо, Канад улсын холбооны шүүхийн комиссарын алба, Канадын олон улсын байгууллага болон нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүх, хуульчдын төлөөлөл оролцож байгаа юм.
Олон улсын бага хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал уншиж танилцууллаа. Мөн УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хэлсэн үгэндээ Шүүхийн тухай хуульд заасан ил тод, нээлттэй байдлыг хангах талаар үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг сануулсан юм. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Ивкоф, Европын холбооноос Монгол Улсад суугаа сайд Аксель Никэйз нар олон улсын хуралд оролцогчдод амжилт хүсэж үг хэлсэн юм.
Шүүхэд итгэх олон нийтийн итгэл, шүүгчийн сахилга хариуцлага, олон нийттэй харилцах багц сэдвийн хүрээнд өрнөж байгаа хуралд Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Шүүхэд итгэх олон нийтийн итгэл ба шүүгч” илтгэл тавьж, шүүгч шийдвэрээ олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэхийн ач холбогдлыг онцлов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэлхам “Шүүхийн шинэтгэл ба олон нийтийн шүүхэд итгэх итгэл” илтгэлдээ шүүхийн шинэтгэлийн үе шат болон мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг шүүхэд нэвтрүүлэх нэгдсэн бодлогын талаар танилцууллаа.
Канад улсын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард “Хууль дээдлэх ёс ба шүүхэд итгэх олон нийтийн итгэл нь нийгмийн тогтвортой байдлын зайлшгүй нөхцөл болох нь: Шүүхийн хараат бус байдал, ёс зүй ба хариуцлага” сэдвээр хэлэлцүүлсэн илтгэлдээ Канадын шүүхийн туршлага дээр тулгуурлан шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлснээр нийгмийн тогтвортой байдал хангагдах бөгөөд шүүхийн хараат бус байдал, ёс зүй хариуцлага чухал үүрэгтэйг онцлов.
Шүүгчийн сахилга хариуцлага, ёс зүйн талаар Шүүхийн сахилгын хорооны гишүүд, олон улсын байгууллагын зөвлөх, судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Тухайлбал, Итали улсын Ливерно хотын шүүхийн Эрүүгийн танхимын дарга асан, TAIEX хөтөлбөрийн зөвлөх Мария Жуляна Сивинини сургалт болон ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр сахилгын зөрчлөөс сэргийлэх, Шүүхийн сахилгын хорооны гишүүн О.Номуулин олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд шүүгчийн ёс зүйн гүйцэтгэх үүргийн талаар илтгэл хэлэлцүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Давхарбаяр, Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа нар “Шүүгчийн ёс зүй ба сахилга, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлгийг удирдаж, хуралд оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм.
Олон нийттэй харилцах, шүүхийн шийдвэрийг мэдээлэх сэдвийн хүрээнд хурлын чиглүүлэгчээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах ажиллалаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг “Шүүх олон нийттэй харилцах нь” илтгэлдээ “2022 онд шүүхээр хянан шийдвэрлүүлсэн нийт хэргийн оролцогчдын 90.1 хувь нь анхан шатны шүүхийн шийдвэрийн эсрэг гомдол гаргаагүй” талаар тоо баримтыг танилцуулаад шүүхийн шийдвэрийг энгийн, товч, ойлгомжтой хэлбэрээр мэдээлэхийн ач холбогдлыг онцлов. Мөн тэрбээр шүүхийн ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр “Шүүхийн олон нийттэй харилцах нээлттэй, ил тод байдлын хөтөлбөр” гаргахаар ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Канад Улсын Алберта мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Мэри Моро олон нийтийг мэдээллээр хангахад харилцаа, холбооны хэрэгслүүд, олон нийтийн мэдээллийн сүлжээг ашиглах талаар өөрийн улсын туршлагаасаа хуваалцав. Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах “Шүүхийн хэвлэл мэдээллийн харилцаа ба сэтгүүл зүйн хэм хэмжээ” илтгэлдээ шүүхийн сэтгүүлзүйг хөгжүүлэх, албан ёсны эх сурвалжтай мэдээллийг олон нийтэд түгээхийн ач холбогдлыг онцоллоо.
.
Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугар, Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, “time.mn” мэдээллийн сайтын эрхлэгч Г.Улсболд, Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар нар “Хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, олон нийттэй харилцах харилцааг бэхжүүлэх” сэдвийн хүрээн дэх хэлэлцүүлгийг удирдаж, хуралд оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм.