ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ПРОКУРОРЫН МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ  

0

Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2022, 2023, 2024 оны I улирлын байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах талаар холбогдох газруудад мэдэгдэл хүргүүлжээ.  

Тодруулбал, тус аймагт зам тээврийн ослын улмаас 2022 онд 20, 2023 онд 12, 2024 оны I дүгээр улиралд 2, нийт 34 хүүхэд хохирсон гэмт хэрэг бүртгэгдсэнээс  амь насаа алдсан 2,  эрүүл мэндээрээ хохирсон 16 тохиолдол гарсан байна.

Зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг судлахад жолооч замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй, аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцоогүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас дийлэнх осол хэрэг гарсан болох нь тогтоогджээ.

Түүнчлэн хүүхдүүд зам хөндлөн гарахдаа гарцаар гараагүй, бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр оролцуулсан, асран хамгаалагч нар хариуцлагагүй хандсан зэргээс гадна сургууль, цэцэрлэг орчмын бүсэд замын тэмдэг, тэмдэглэгээ болон гарц, хурд сааруулагч дутмаг байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байжээ.

Тиймээс аймгийн прокурорын газраас хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулж, үр дүнтэй ажил, арга хэмжээ  авч хэрэгжүүлэх талаар Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон аймгийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөлийн дарга нарт мэдэгдэл хүргүүлж, биелэлтийг эргэж тооцохоор болсон байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *