Гэрээ зөрчсөн сайд нарт хариуцлага тооцно
Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн өчигдөр анхны хурлаа хийлээ. Уг хурлаар Хамтарсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хэлэлцсэн байна. Мөн УИХ-д суудалтай гурван нам хамтран Засгийн газар байгуулж байгаа учраас намууд хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар болжээ. Гэрээний төслийг боловсруулж, эхний төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. Тус гэрээнд намууд хамтарч ажиллахдаа ямар зарчим баримтлах вэ гэдгээ тодорхойлох, хамтдаа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлэн тусгах аж. Түүнчлэн гэрээг УИХ-д өргөн барьж, тогтоол болгон батлуулах юм байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Хамтарсан Засгийн газрын гэрээг УИХ-ын тогтоол болгосноор гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчсөн бол улс төрийн намууд бүлгээрээ дамжуулан арга хэмжээ авах, кабинетын зарчмаар ажиллаагүй сайд нартаа хариуцлага тооцох асуудлыг намуудын дээд байгууллагууд нь хариуцаад явна” гэлээ.
-Хамтарсан Засгийн газрын гэрээнд тусгагдсан гол зарчмууд юу байх вэ?
-Хамтарч ажиллахдаа ямар зарчмыг баримтлах вэ гэдгээ тодорхойлно. Улс төрийн намууд нь зөвшилцөлд хүрснээр хамтдаа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлдэг. Энэ ажил явагдана. Мөн Хамтарсан Засгийн газар салбар дундын уялдааг хангуулах нь чухал. Засгийн газрыг бүрдүүлж буй АН, ХҮН, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрүүдэд тусгагдсан заалт, зорилтуудын уялдаа холбоонд суурилж өнгөрсөн хугацаанд ажилласан. Зорилт, хөтөлбөрүүдийн нэр өөр хэдий ч тулгамдсан асуудал адил учраас мөрийн хөтөлбөрүүдийн 80 хувь нь хоорондоо уялдах бололцоотой гэж ажлын хэсэг дүгнээд байна. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цомхон, чадварлаг, ухаалаг төрийг бий болгох, аливаа шийдвэр их өгөгдөлд суурилах, хүнээс хамааралгүйгээр асуудлуудыг шийдэх, төр иргэндээ очиж үйлчлэх, эрчим хүчний либералчлал, цаасгүй, шилэн, ил тод төрийг бий болгох чиглэлээр зорилт тусгагдсантай холбогдуулан хот төлөвлөлтийн ажлуудыг ч хийсэн. Засгийн газрын шинэ бүтцийн гол онцлог бол Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам зэрэг тулгамдсан асуудалд илүү анхаарсан. Үүнтэй холбогдуулан яамдад байдаг ерөнхий бүдүүвч нэгжүүдийг намуудын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудтай уялдуулан үр дүнд хүргэх чиглэлээр анхаарах нэгжүүдийг байгуулах нь илүү бодитой. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар төрийн захиргааны төв байгууллагууд бусад төрийн өмчийн компаниуд ч И-Монголиа нэгдсэн вебтэй болж, төр зөвхөн нэг л сувгаар иргэдтэй харьцах нөхцөлийг бүрдүүлэхийг үүрэг болгосон.
-Засгийн газрын бүтцийг дагаад яамдын орон тоонд ямар өөрчлөлт орох вэ?
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль өөрчлөгдсөн ч орон тоо нэмэхгүй байх зарчмыг баримталж байгаа. Хамтарсан Засгийн газар учраас Шадар сайдын тоо нэмэгдсэн, яам болон сайд нарын тоо огт нэмэгдээгүй.Яамд орон тоогоо нэмэхгүй байх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Яамны чиг үүрэг нь өөрчлөгдсөн, нэгдсэнээс бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид өөрийн хариуцаж байсан нэгжийг удирдах нөхцөлийг бүрдүүлнэ. Зарим яамны олон салбар нийлсэн хэдий ч ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч нэмэлт үүргээ авч, ажлаа үргэлжлүүлнэ.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг гурван намын мөрийн хөтөлбөртэй уялдуулах ажлыг хэрхэн зохион байгуулах вэ?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Тийм ч учраас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүлсэн. Энэхүү үйл ажиллагааны хөтөлбөр нь эвслийн гэрээ буюу Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн гурван намын төлөөллөөс бүрдсэн. Тус ажлын хэсгийн тусламжтайгаар хамтарсан Засгийн газар цаашдаа хэрхэн ажиллах чиглэлээр гэрээ байгуулна гэсэн үг. Тус гэрээг Герман улсын сайн туршлага буюу 2021 онд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын гэрээг туршлага болгож судалж байна. Мөн Шинэ Зеланд, Нидерланд зэрэг олон улсын сайн жишгийг нэвтрүүлэхийг зорьж байна. Намуудын мөрийн хөтөлбөрийн уялдаа холбоог ханган Хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулж, үүнд үндэслэсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-д өргөн мэдүүлнэ.Мөн Хамтарсан Засгийн газрын гэрээг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын тогтоол батлуулснаар цаашид сайн жишиг манай улсад үлдэнэ.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ямар бүтэц бүрэлдэхүүнээр ажиллах, мөн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төсөвт ямар шаардлагатай тодотгол хийх чиглэлээр УИХ-д төсвийн тодотгол өргөн барихаар ажиллаж байна.Үйл ажиллагааны хөтөлбөр, эвслийн хамтарсан Засгийн газрын гэрээ, төсвийн тодотголыг нэг сарын дотор УИХ-д өргөн мэдүүлэх төлөвлөгөөтэйгөөр Ажлын хэсгүүд байгуулагдсан.
-Засгийн газрын анхны хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарт үүрэг чиглэл өгсөн. Энэ талаар тодуулахгүй юу?
-Ерөнхий сайдын зүгээс холбогдох сайд нарт төрийн албаны хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг халж сэлгэхгүй, тогтвортой ажиллах нөхцөл бололцоог хангуулахад илүү анхаарах ёстойг үүрэг чиглэл болгосон. Хэдийгээр яамдын бүтэц, нэр өөрчлөгдсөн ч тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчид ажлаа тогтвортой хийх бололцоог бий болгох нь чухал. Тиймээс улс төржилтгүй ажиллах шаардлагатайг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Мөн Ерөнхий сайдын зүгээс салбар хоорондын уялдааг зохицуулах чиглэлээр Үндэсний хороог бий болгож, тус хороо нь орон тооны бус зөвлөл маягаар ажиллах үүрэг чиглэл өгсөн. Үүнд УИХ-д сонгогдсон мэргэжлийн экспертүүд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин